Хятадын он дараалын бичгээс үзвэл хүннүгийн үед монголын газар нутаг дээр “Лун-ци”, “Чжао-Синь-чень”, “Фань-фу-жень-чен”, “Теу-сян” хотууд байжээ.
Зөвлөлт Холбоот Улсын Абакан хотын орчим Минусмискийн хүрхрээний дэргэдэх хот, Сэлэнгэ мөрний цутгал Иволга гол орчмын хүннүгийн хотын үлдэгдлийг судалсан археологийн шинжилгээ ба Монголын Төв аймгийн Баянжаргалан, Мөнгөнморьт сум (Хэрлэн голд цутгадаг Тэрэлжийн голын эрэг дээрх) Тэрэлжийн дөрвөлж, Гуа довын балгас зэргийг ухсанаас үзэхэд тэр үеийн хотууд урт өргөнөөрөө 200 метр орчим хэрмэн ханатай голдоо том барилга байгууламжтай хоёр буюу дөрвөн талдаа хаалгатай байжээ.
Хэрмийг голчлон туйпуу, шавраар барьжээ. Гол барилгын өнцөгт зассан боржин чулуун ивүүр дээр модон багана босгосон байдаг. Гуа-дов хотын балгасыг малтаад 90 см зузаан ханатай 0,5 с.м өнгөн шавардлагатай шавар хэрэм олсон байна.
Багананы ивүүр байсан өрөмдмөл нүхтэй засмал боржин манай үеийг хүртэл бүтэн үлджээ. Мөн дээврийн ваар, дөрвөлжин туйпуу олдсон байна. Ваарыг эвэр хээ, тагнай хээгээр чимэглэжээ. (Дөрвөлжин туйпуу хожуу байгуулсан хотуудын балгаснаас ч олдож байгаа юм)
Тэрэлжийн дөрвөлжинг ухахад ч Гуа-довынх шиг дөрвөлжин туйпуу олдсон байна. Олдсон багана, чулуун ивүүрийн хэмжээг үзэхэд Гуа-довд том ордон байжээ гэж таамаглаж болмоор байна.
Төв аймгийн Мөнгөнморьт суман дахь Бүрхийн голд байгаа Хүрэн дов буюу Бүрхийн дөрвөлжин, Төв аймгийн Мөнгөн морьт суман дахь Баруун Бандлигийн Өндөр дов, Төв аймгийн Эрдэнэ суман дахь Их Бага гүн нуурын хооронд байгаа Баруун Дөрөөгийн Хэрэм, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд байгаа Барс хот зэргийг ухахад байшин барилгын үлдэгдэл, барилгын янз бүрийн материал, ваар маягийн зүйл олдсон юм.
Монгол нутгаас хүннүгийн үеийн суурингуудын ул мөр одоо ч олдсоор байна. Археологич Ц. Доржсүрэн, одоогийн Бороогийн тосгонд байгаа Бороо гол, Цагаан чулуутын ширгэсэн горхины хоорондох хошуунаас эртний суурингийн ул мөр олоод цутлуулсан материалыг үндэслэж “Хүннүгийн үед хамаарах суурин” гэж үзжээ.
Ийм жишээг бас олноор дурдаж болох юм. Тухайлбал: Өмнөговь аймгийн Номгон сумын нутгаас “Баянбулаг”-ийн балгас, Хэнтий аймгийн Жаргалтхан ба Дэлгэрхан сумдын хоорондоос “Цэнхэрийн голын хэрэм” хэмээх балгас, Булган аймгийн Бүрэгхангай сумын Шувуутын голоос “Шувуутын голын хэрэм” гэдэг балгас олдсон байна.