Монгол нутагт төр ёс үүссэн 2000 гаруй жилийн тэртээгээс монгол угсаатан газар, ус, агаарын тодорхой орон зайд оршин, Монгол хэмээх хүй элэгний харилцаа, эх орон нэгтнүүдийн нийтлэг нэгдлэгийг бий болгож иржээ. Ийм учраас Монгол эх орон хаанаас эхэлдэг вэ? хэмээх асуултанд хэн бүхэн унасан газар, амьсгалсан агаар, угаасан уснаас эхэлдэг хэмээн хариулна.
Монгол хүн хэн ч бай төрөлх сумандаа манай багийнхан, аймагтаа манай сумынхан, нийслэлд ирэхлээр манай аймгийнхан, хилийн чандад болохоор манай улс хэмээн чин сэтгэлээсээ өгүүлдэг. Эдүгээ даяаршлын нөхцөлд урьдын байтугай өчигдрийн ойлголт хуучирч, улсын хил хязгаар, үндэсний мөнгөн тэмдэгт, төрийн сүлд, туг, далбаа болон үндэсний өвөрмөц ёс заншил зэрэг хөдөлшгүй мэт байсан ойлголт хуучирч, саармагжих болов.
1980-аад оноос “Европ-нэг орон гэр” хэмээх хөдөлгөөн өрнөж, эдүгээ 25 улс Европын Нэгдсэн Холбоонд багтан орсноор тэдгээрийн хооронд хил хязгаарын нарийн зааггүй, бас визгүй зорчдог, евро хэмээх нэгдсэн мөнгөн тэмдэгтэй, Европарламент хэмээх төвлөрсөн байгууллагатай, нэгдсэн Үндсэн хуультай болох төлөв бүхий байна. Харин Азийн нэгдсэн улсын тухай ярих нь нилээд алс ирээдүйн шинжтэй байна. Ийм нөхцөлд эх оронч үзлийн хуучин ойлголт агуулга, хэлбэрийн хувьд өөрчлөгдөж, хэд хэдэн янзын хэв маягийг бүрэлдүүлж байна. Үүнд:
Ийм хандлагад угсаа гарвал, хэл, сэтгэлгээ, аж төрөх ёс, шашин суртал, зан заншлаар өөр өөрийн өвөрмөц шинж бүхий дэлхийн 220 гаруй улс үндэстнүүд түүхэн богино хугацаанд автан дэлхийшинэ, даяаршина гэдэг амаргүй, нэлээд урт удаан хугацааг хамрах үйл явц юм.
* * *
Дээр дурьдсан онол-арга зүйн хандлагын үүднээс үзвэл эх оронч үзэл нь тухайн улс үндэсний язгуур эрх ашиг хийгээд хүн төрөлхтөний язгуур ашиг сонирхлын жор нь зөв хандарсан эм тан гэж хэлж болохоор байна. “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д: “Улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын үзэл бодлын үндэс нь эх оронч үндэсний үзэл байна” гэжээ. Ийм учраас эх оронч үзэл нь үндэсний мэдрэмж, үндэсний ухамсар, үндэсний үзэл, үндэсний бахархал, үндэсний сонирхол, үндсэрхэх үзэл зэрэг олон ойлголтуудтай нягт холбоотой.
Хүн төрөлхтөний түүхийн ойрхи үед бүтээсэн, бүтээж буй тогтолцоо нь хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм юм. Эл нийгэм нь хүмүүсийн нийтлэг-үндэстнийг шинэ төлөв байдалд оруулж байна. Үндэстэн нь улс төрийн эрх, эрх чөлөө бүхий иргэдээс бүрэлдсэн төдийгүй соёлын нэг нийтлэг бүхий угсаатны бүл бүлгээ. Ойрхи үеийн үндэстэн нь “хэн л бол хэн” гэсэн зарчим дээр үндэслэн ардчилал, тэгш эрх, эрх чөлөө баталгаажсан чөлөөт, тогтвортой тогтолцооны бүл болон хөгжиж байна.
Үндэстэн оршин тогтнож буй цагт үндэсний мэдрэмж байх нь зайлшгүй. “Өөрөө өөрийгөө танигтун” гэж эртний грекийн гүн ухаантан Фалес өгүүлсэн байдаг. Энэ нь тухайн хүнд төдийгүй бүхэл бүтэн үндэстэнд хамаарна. Үндэсний ухаарлын эхний шат нь үндэсний мэдрэмж юм. Угсаатан үндэстнүүд үүсэн бий болсноос хойш өөрсдийгөө мэдэрч ухаарсан хэсэг нь өөрийн газар нутгаа төдийгүй хаяа тэлж, төр улсаа төвхнүүлэн, түүхэнд гүн ул мөрөө үлдээж иржээ. Үндэсний мэдрэмж багатай нь төрийн тусгаар тогтнолоо алдаж, үндэстний хувьд мөхөж, бусдад уусан алга болж байсныг түүх гэрчилнэ. Чингэхлээр эх оронч үзэл, үндэсний ухамсар бүрэлдэх анхны алхам нь үндэсний мэдрэмж болой. Эдүгээгийн монгол хүний үндэсний мэдрэмжийн цөм нь би монгол хүн гэдгээ, тодруулж хэлбэл өөрийгөө ухаарахуй юм. Дэлхийн газар нутгийн 1 хувь, хүн амын 0,004 хувийг эзэлж буй 2 сая 800 мянга гаруй хүнтэй Монгол улсын нэгэн амьд эд эс, чөлөөт зах зээлд хөл тавьж, ардчиллын үнэт зүйлсийг хүртэх, бас шинээр бий болгох эрх, үүрэгтэй гэдгээ ухаарах явдал билээ. Бас даяаршлын нөхцөлд Монгол мэтийн жижиг улс үндэстэн яаж дасч зохицож, үлдэж хоцрох нь чухамхүү иргэн надаас шалтгаална гэдгээ ухаарах ёстой.
* * *
Үндэсний мэдрэмж иргэн бүрт сууснаар нийт үндэсний ухамсар төлөвшинө. Ухамсар нь ямар нэг мэдлэг, мэдрэмжийн нийлбэр маягаар оршин байж байгаад аяндаа сэтгэлгээний соёл болж чадахгүй, иймд ухамсар “өөрийгөө ухамсарлаж” ухамсарлал, ухамсарт чанар хүртэл чанарын хувьд шинэ агуулгаар дэвжин дээшлэх ёстой. Үндэсний ухамсар нь үндэсний үнэт зүйлс, удам угсаа гарвал, төрийн тусгаар тогтнол, соёл иргэншил, үндэсний уламжлалаа танин мэдэж, ойлгосон эл ухамсарын тодорхой түвшин болох үндэсний мэдрэмж, өөрийн үндэстний үнэт зүйлийг эрхэмлэн дээдлэх сэтгэл хөдлөл болох үндэсний бахархал, зүг чигээ олж чадсан, ухамсарлан ойлгосон, зорилго чиглэл бүхий бие хүний эзэн ёсны сэтгэлгээ, үйл ажиллагаа зэргээс бүрдэнэ. Үндэстэн өөрийгөө улам бүр танин мэдэж, хамгийн гол нь чухам юу ухамсарласнаа амьдралд сахин хэрэгжүүлэх нь чухлаас чухал юм.
Чингэхлээр, үндэсний ухаарлыг зан заншил, шашин суртахуун, уламжлал, шинэчлэлийг шингээсэн тухайн үндэстний соёлын өвөрмөц байдал, үндэстнийхээ арга, билгийн нэгдлийг ухаарах мэдрэмж, зөв үзэл ухал, нэлээд дархлаажсан итгэл үнэмшил, үнэт зүйлс, үнэлэмжийн тухай баримтлалын цогц хэмээн ойлгож болох юм. Эх түүх, хэл, язгуур соёлоо бишрэн бахархах, бас үндэстнийхээ сул талыг ухаарч, илааршуулах явдал ч үндэсний ухамсрын агуулгад зүй ёсоор багтан орно. Үндэсний ухамсрыг алсын хараа, бодлоготой, эерэг төлөвшүүлэн нийт үндэстнээ чиглүүлэн хөтөлж чадсан тэр л цагт үндэстэн өөрийн гэсэн үзэл, бахархал, сонирхолтой болж сая чадна. Иймээс ч М.Вебер: “Үндэстэн бол мэдрэхүйн хамтын нийгэмлэг мөн” гэж онцлон тэмдэглэсэн байдаг.
Үндэстэн өөрийгөө мэдэрч, ухамсарласны үндсэн дээр үндэсний үзэл төлөвшин тогтдог. Товчоор илэрхийлбэл, үндэсний үзэл гэдэг нь тухайн үндэстэн хэл, түүх, соёл, үндэс язгуураа ардчилсан үнэлэмжийн дагуу хадгалах цогц үзэл санаа юм.
Үндэсний үзэл бол ямар ч улс түмэнд үндэс язгуураа, шашин үндсээ бодох чиглэлтэй байдаг. Харин монгол гэсэн тодотголтойгоор энэ үзлийг ярьвал улс үндэстний эрх ашиг, аюулгүй байдлаас урган гарна. Тухайлбал, түүхийн бүхий л туршид хоёр их хөршийнхөө геополитикийн хайчны ирэн дээр газар нутаг, үндэс угсаагаа хэрхэн хадгалж үлдэх вэ? гэдэг асуудал үндэсний үзлийн цөм болж байв. Харин эдүгээ Монгол улсын хил олон улсын эрх зүй болон демаркацийн баталгаажуулалтаар хангагджээ. Гэвч үүнд санаа амарч болохгүй. Учир нь өнөө үед хаяа хадрахаасаа илүү тотгоор шагайх юм уу, тооноор өнгийх, аж төрөн амьдрах үндсийг дороос нь сэндийлэх аюул хүчтэй болж байна. Нэг дэх жишээг террористууд АНУ-д Дэлхийн худалдааны төвийг нурааж, үй олон хүний аминд хүрсэн явдал, нөгөөг нь аль нэгэн улс бусдын эдийн засгийн хараат болж байгаагаас харж болох юм. Хуучин тогтолцооны үед манай үндэсний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь нь ЗХУ-ын хараат болсон гашуун сургамжаа монголчууд бид санах хэрэгтэй. Гэтэл эдүгээ манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ далаад хувийг гадаадаас импортолж, түүний дотор спиртийн зүйл нэлээд хувийг эзэлж байна. Тэр тусмаа БНХАУ-ын Эрээн хотоос ихэнхийг нь.
Согтууруулах ундаа хэрэглэх явдал газар авч, сүүлийн үед ялангуяа залуучуудын дотор мансууруулах бодис хэрэглэх явдал мэр сэр гарах болсныг “үндэсний гамшиг” нүүрлэж байна гэж хэлж болно. Монголын түүхэнд хэзээнээс ийм бусармаг явдлыг анхааралдаа авч, тэр дор нь тас цохиж байсан уламжлалтай. Өдгөөгийн хүний архидан согтуурах, мансууруулах бодис хэрэглэх нь бага буурай, цөөн тоотой үндэстний нэг эд эс гэдгээ үл ухаарах явдал, үндэс язгуураа, эх орноо, энэ биеэ гэх үзэл ухал дутмагын илрэл, мөн даяаршлын сөрөг нөлөөнд автсаны үр уршиг юм. Үндэстэн оршин тогтнохыг хүсвэл даяаршиж адилсахын хамт ондоосож, үндэсний өвөрмөц байдлаа хадгалах ёстой. Үндэсний үзлийн утга учир ч үүнд оршино. Эх оронч үзэл, үндэсний үзлийн харилцан шүтэлцэл, утгын сац суврага мөн энэ буюу.
* * *
Эх түүхээ сайтар мэдэн, сургамж, сэрэмжлүүлэг авч, аялгуу сайхан эх хэлээ хайрлан, хамгаалж, нуттай эзэмшихгүйгээр үндэсний ухамсар, үзэл ухал хэзээ ч төлөвшихгүй. Түүхийн ухамсар, эх хэлээ эрхэмлэхүй нь эх оронч үндэсний үзлийн цөм, үндэсний ухамсар, үзэл ухлыг тодорхойлогч гол шижим юм. Тоогоор цөөн үндэстэн эх хэлнийхээ дархлааг бэхжүүлж, түүхийн ухамсраа хайхрахгүй бол мөхнө.
Монголын төр эдүгээчилсэн үндэсний үзэл, ардчилсан үнэлэмжийг баримтлахын хамт уламжлалт үндэсний үзлийн торгон мэдрэмжээ бас хадгалж, дангаарших чиглэлтэй байх ёстой. Иймээс өсвөр, залуу үеийнхээ эх хэлний мэдлэг боловсролд түлхүү анхаарч, эх хэл, сэтгэлгээний дархлал бий болгож өгөхгүй бол монгол түмний маань ирээдүй илт бүдгэрнэ. Дэлхийчлэх хандлага эрчимтэй өрнөж, мэдээллийн хурд асар ихсэж буй нөхцөлд ЮНЕСКО- гийн судалгаагаар жил тутам 18-20 хэл мөхөж байгаа ч гэсэн мэдээ буй. Ингэж ухаалаг үндэстнүүд хэл бичгээ хамгаалж, унхиагүй хэсэг нь төрөлх хэлээ гээсээр байна. Ийм нөхцөлд Төрийн шагналт, яруу найрагч З.Дорж эгээ л толгой холбох гэсэндээ “Хэл, хил, мал гуравгүй бол хэн өрөвдөлтэй вэ? Монгол өрөвдөлтэй” гэсэн үгийг хэлээгүй болов уу. Иймээс саяхан Улсын Их Хурлаас баталсан “Төрийн эх хэлний тухай” хуулийг чанд хэрэгжүүлэх хэрэгтэй болж байна. Учир нь бичиг үсэг, эх хэл нь үндэсний ухамсар, сэтгэлгээг өөртөө шингээж, үндэсний ахуй, сэтгэлгээ, ухамсар гурвыг гурамсан шүтэлцээнд хадгалж байдаг билээ.
Үндэсний ухамсар, үзэл ухал нь юуны өмнө, түүхийн ухамсрын төлөвшлөөр тодорхойлогдоно. Учир нь түүхийн ухамсрын эх сурвалж болох улс үндэстэнийхээ түүхийг танин мэдэхгүйгээр үндэсний үзэл хэзээ ч төлөвшихгүй. Үндэсний ухамсар, түүхийн ухамсрыг уулзуулж буй цэг нь түүхийн мэдлэг болой. Чингэхлээр үндэсний ухамсар нь эх түүхээс сурвалжтай агаад бие хүний итгэл үнэмшил болгон нутад эзэмшсэн үндэсний үнэт зүйлсийн тухай мэдлэг, түүнд хандах чиг хандлага гэж хэлж болно.
Эдүгээжсэн эх оронч үзлийн үүднээс хандвал эл асуудал тэргүүн зэрэгт тавигдахгүй мэт боловч, монголчууд Эзэн Богд Чингис хаанаараа бахархахгүй байхын аргагүй. Их хаан, түүний үр сад XIII-XIV зуунд дэлхийн талыг эзэгнэж, ийнхүү хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн хорин зууны хоёр нь монголоор овоглож, монголоор амьсгалж байсан юм. Эдүгээ дэлхий дахинд 220 гаруй улс буй гэх бөгөөд тэднээс хэн нь ч хүн төрөлхтний хөгжлийн бүхэл бүтэн хоёр зууны түүхийг тодорхойлж байсангүй. Үүнд монголчуудын үндэсний бахархал оршиж байна. Гэхдээ энэ нь хоосон омогшил, хөөрөл, бахархал байх ёсгүй. Иймээс өдгөөгийн интернеттэй адилтгаж болохуйц Чингис хааны үеийн их хурдыг чухам гал голомтоо сахиж байгаагийн хувьд бидний монголчууд л шинээр өвлөж, шинэ шатанд гарган, хөгжин дэвжихийн уг сурвалж болгох ёстой. Түүнээс үүдэн, монголчууд бид эн тэргүүнд оюун ухааныхаа хурдыг асар их нэмэгдүүлж, дэлхийн цараатай, болж өгвөл давж сэтгэх явдал чухлаас чухал болж байна. ХХI зуун бол зэвсэг хангинуулж, эр бяраа үзэлцэх зуун биш ухаанаа уралдуулж, илдийн чадлаас билгийн ид шид хүчтэйг улам бүр нотлон харуулах цаг үе байх болно.
Өмнөх үеэ тойлсон хүн юм юмтай хоцордогийг манай ард түмэн ойлгон ухамсарлаж, түүх үүхээ нэн эрхэмлэж иржээ. Олон зууны турш дэлхийн бодлогыг тодорхойлогч аугаа их хоёр хөршийн дунд туурга тусгаар байдлаа хадгалан үлдсэний нууц ч энэ байж болох. Монголын их бичгийн хүн Ванчинбалын Инжинаши: “Үндсээ үл мэдэх нь адгуус буюу. Тайж бөгөөд өвөг юугаан үл мэдэх нь мал буюу. Нүдтэй бөгөөд түүхээ үл үзэх нь сохор номин буюу. Мэдэлтэй бөгөөд язгуур юугаан үл мэдэх нь мунхаг гахай буюу” хэмээжээ. Тэрбээр түүхээ судлахын ач холбогдлыг эхлээд зон олонд, дараа нь язгууртан дээдэст, ахин иргэн бүрт, дахин эрх мэдэл бүхий албан тушаалтанд ээлж дараалан эсрэгцүүлэн ханджээ. Чингэхийн учир нь, юуны түрүүнд эрх мэдэл бүхий хүмүүс эх түүхээ нягтлан судалж, түүхээс ухаарал сургамж авч, олон түмнийг араасаа үлгэрлэн дагуулахыг чандлан анхааруулсан хэрэг юм.
* * *
Үндэсний мэдрэмж, ухамсар, үзэл ухал, түүхэн ухааралтай хүн сая үндэсний бахархалтай байж чадна. Бахархах юмтай, түүндээ урамшсан ард түмэн улс орноо хөгжүүлж чадна. Үндэсний бахархал нь дэлхий дахины болон бүс нутгийн түүхэнд элэнц хуланц, эцэг өвгөдийнхөө, чухам бидний монголчууд өөрсдийнхөө гүйцэтгэсэн болон гүйцэтгэх үүргээ ухаарсны үндсэн дээр буй болно. Тухайлбал:
Дорно дахины, юуны өмнө монголчуудын “өөрийн биеийг ухаарахуй” нь манай улс, үндэстэн өөдлөн дэвжихийн үндэс мөн. Ингэхлээр монгол үндэстэн өөрийгөө түүхийн үүднээс танин мэдэж, гол нь чухам юу ухамсарласнаа амьдралд сахин хэрэгжүүлэх нь нэн чухал болж байна. Тухайлж хэлбэл, бидний монголчууд дэлхийн хэмжээнд сэтгэж, нутгийн хэмжээнд хийж бүтээх нь юу, юунаас илүү эрхэм болж байна. Хүн төрөлхтөн нийтлэг үнэт зүйлсээ ухаарч, улам бүр ойртож, дэлхийчлэлийн үр дагаварыг амсч эхэлснийг өмнө тэмдэглэсэн. Үүнд тайвшрах ёсгүй. Их үндэстнүүдээс бага үндэстнийг “хүчиндэх” арга ухаан, атгаг санаа хараахан алга болоогүй байна. Суут сэтгэгч К.Марксын хэлснээр, үндэстэн хүчиндүүлчихгүйн тулд бүсгүй хүн шиг соргог байх ёстой. Энэ үг даяаршлын нөхцөлд монгол мэтийн бага буурай үндэстэнд илүү хүчтэй тусч, илүү ухаалаг байхыг шаардаж байна.
* * *
Улиран өнгөрсөн тогтолцооны үед үндсэрхэх үзэл хэмээх нь бусдыг эрхшээлдээ оруулж, дарамталж айлгадаг “хадны мангаа” болж байв. Үндсэрхэх үзэл нь үндэсний үзлийн өрөөсгөл, нэг талыг барьсан, хэтэрхий туйлширсан хэлбэр юм. Энэ нь гол төлөв их гүрнүүдийн бодлогод тод илэрдэг. Өөрийн улс үндэстнээ бусдаас дээгүүр тавих, сайрхах илрэл нь Германы нацизм, Оросын их гүрний дээрэнгүй үзэл, Хятадын их хан үндэстний үзлийг бий болгожээ.
Эрдэмтдийн судалгаанаас үзвэл үндсэрхэх үзлийг тайлбарлах хэд хэдэн чиг хандлага байна. Үүнд:
* * *
Монголчууд бид эдүгээ даяаршлыг сөрөх биш эх оронч үзлийн үүднээс тосон авч, улс орныхоо хөгжил цэцэглэлд өгөөжтэй ашиглах хэрэгтэй болж байна. Энэ нь сайн даяаршигч байхын тулд эхлээд ухаалаг эх оронч байх нь чухал гэсэн үг. Үүний тулд:
Академич Ж.Болдбаатар