Монгол орны өргөн уудам нутгаар аялж үзвэл хаа нэгтээ бугыг уран гоёор дүрслэн сийлсэн сүрлэг чулуун хөшөөдийг харж болно. Энэхүү бугын сийлбэрт чулуун хөшөөдийг археологийн судалгаанд “Буган чулуун хөшөө” нэрлэж дадсан билээ. Энэ дурсгалыг 19-р зууны сүүл үеэс эхлэн 20-р зууныг дамнууулан олон орны эрдэмтэн судлаачид сонирхон судалж, түүний судалгаанд түүхэн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
Хэдий тийм боловч өнөөг хүртэл буган чулуун хөшөөний судалгаанд нэг мөр шийдэгдээгүй олон асуудлууд байсаар байгаа юм. Ялангуяа түүний гарал үүсэл, дүрслэл тэдгээрийн утаг зүй, бүтэц гэх мэт судалгааны олон асуултуудад хангалттай хариулт гаргалгаа хийж чадаагүй, нээлттэй хэвээр байгаа юм.
Монгол Үндэсний Түүхийн Музейн Судалгааны Албаны дарга Жамсранжавын Баярсайхан ийнхуучилж байна. Тэрбээр Смитсонианы Хүрээлэнд судалгааны ажил хийхээр Вашингтон хотноо хүрэлцэн ирээд байгаа юм. Монгол Соёлын Төв, Монгол Улсын Элчин Сайдын Яамны "Монгол Судлалын Цуврал Лекц"-ийн 15 дахь удаагийн зочноор уригдсан судлаач маань сүүлийн 6 жилд Монгол- Америкийн хамтарсан “Буган чулуун хөшөө” төслийн судалгааны үр дүнд энэ дурсгалын он цаг, тахилгын зан үйл, тэдгээрийн ялгаа, дүрслэлийн утга зүй зэргийг тодруулахад ахиц дэвшил гарсныг тайлбарлан өгүүлэх болно. Лекцийн нэр: "Монголын буган чулуун хөшөөн дэх зарим дүрслэлийн утга зүйн тухай".
Оросын ихэнх судлаачид буган чулуун хөшөөн дэх бугын дүрслэлийг зөвхөн Индо-Ираны нарны шүтлэг, домгоор тайлбарлаж, Скифийн соёлд хамааруулан тайлбарлаж ирсэн бөгөөд гарал үүслийн хувьд ч баруунаас ирсэн соёл хэмээн үздэг гэнэ. Харин Монголын зарим судлаачид буган хөшөөг өнөөгийн Монгол нутгаас гарал үүсэлтэй бөгөөд улмаар Өвөр Байгаль, Алтай Саян руу тархсан хэмээн үзэж байгаа аж. Ялангуяа буган чулуун хөшөөт дурсгалын бүтэц, дүрслэлийн утга бэлгэдэл нь эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйл, уламжлалт шүтлэг бөө мөргөлтэй нягт холбогдох олон сонирхолтой баримт мэдээллүүдийг энэхүү өгүүлэлд дурдах болно.
Энэ талаар дэлгэрэнгүй сонсч, мэдэхийг хүсвэл энэ 3 сарын 14-ний Бямба гаригийн 18:00 цагаас Монгол Улсын Элчин Сайдын Яамнаа хүрэлцэн ирэхэд болох юм. Лекц монгол хэлээр, шууд англи орчуулгатай өрнөнө.
АНУ дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам
Монгол Соёлын Төв