Хөлбөмбөг 

Фабианог Тоттенхэмд авчрах хүсэлтэй

Английн хөл бөмбөгийн «Тоттенхэм» клубын дасгалжуулагч Харри Реднапп бразил тоглогч Луис Фабианог багтаа элсүүлэх сонирхолтой байгаа ч түүнд өгөх цалингийн хэмжээний улмаас уг тоглогчийг алдаж болзошгүй гэдэгт эмээж байгаа аж.

Энэ жил 29 настай Фабиано Испанийн «Севилья» клубт хүчин зүтгэдэг юм. Тус тоглогчийг бүрэлдэхүүндээ авах хүсэлтээ Испанийн клубт албан ёсоор мэдэгдээгүй ч Тоттенхэмийн дасгалжуулагч Реднапп бразил тоглогчийн талаар санал тавина гэдгээ мэдэгдсэн байна. «Би түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаа. Тэрбээр чадварлаг тоглогч бөгөөд аль ч багт очсон гол үүрэг гүйцэтгэж чадна» гэж Реднапп хэлжээ. Тоттенхэм клуб мөн бразил тоглогчоос гадна Жое Коулыг клубтээ элсүүлэхээр ажиллаж байгаа аж.

«Би багийн бүрэлдэхүүндээ сэтгэл дундуур биш ч гэлээ бидний өмнө чухал үе ирж байгаа учир бүрэлдэхүүний хүчийг бэхжүүлэх шаардлагатай. Тиймээс Фабианог тусгай тоглогч гэж үзэж байна. Тэрбээр хэр хэмжээний цалин авахыг би мэдэхгүй. Гэхдээ түүнд их хэмжээний мөнгө зарцуулах болов уу. Тиймээс энэ нь бидний хувьд бага зэргийн асуудал болж байна» гэж Тоттенхэм клубын дасгалжуулагч мэдэгджээ. Харин Челси клубтэй байгуулсан гэрээ нь дууссан Жое Коулыг эгнээндээ нэгтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж. Гэвч түүнийг «Манчестер Сити», «Арсенал» клуб мөн сонирхож байгаа юм.

«Жое 11 настай байхад би түүнтэй хамт ажиллаж байсан. Бид одоо ч сайн харилцаатай. Тэрбээр сайн тоглогч, түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй байгаа. Энэ талаар бид ярилцсан бөгөөд түүнтэй хамт ажиллахад таатай байх болно. Гэхдээ одоо Жое аль клубыг сонгохоо өөрөө шийднэ» гэж Реднапп хэлжээ.

С.Отгонбаяр