Hardware 

3 ТБ-ын хатуу диск - UEFI, 64 битийн ҮС, шинэ партишн хүснэгт шаардлагатай

Seagate компани корпоратив зах зээлд зориулагдсан 3 ТБ-ийн багтаамжтай SAS интерфэйс бүхий хатуу диск гаргахаар зэхэж байгаатай холбогдон персональ компьютер үүсэх үеэс уламжилж ирсэн зарим хуучин техник хязгаарлалтыг арилгах шаардлагатай болж байна.

Өнгөрсөн зууны 80-аад онд үүссэн LBA (Logical Block Addressing) стандарт бүхий өгөгдөлд хандах, хаяглах аргаар ердөө 2.1 ТБ хүртэлх багтаамжтай хатуу дисктэй ажиллах бололцоотой. Long LBA стандарт ашиглан уг бэрхшээлийг шийдвэрлэж, хаяглах чадварыг нь ихэсгэх боломжтой ч уг шинэ стандартыг зөвхөн Windows Vista, Windows 7 үйлдлийн системийн 64 битийн верс, Linux-ийн тусгай верс л дэмждэг юм. Харин Windows XP үйлдлийн систем технологийн дэвшлээс гадуур үлдэх төдийгүй, 3 ТБ-ийн багтаамжтай хатуу диск ашиглах нөхцөлд ердөө 990 ГБ-г л "танина".

Үүний зэрэгцээ одоогийн хатуу дискний мастер бүүт бичлэг (master boot record) ч мөн 2.1 ТБ-ийн хязгаарлалттай тул илүү их багтаамж ойлгуулах үүднээс шинэ үеийн GUID партишны хүснэгт (GPT) ашиглах ёстой болно. Хэдийгээр 3 ТБ-ийн хатуу дискийг өгөгдөл хадгалах зориулалттай хоёрдагч диск болгон ашиглах тохиолдолд энэ нь хамаарахгүй ч 3 ТБ-ийн дискийг үйлдлийн систем суулгахад ашиглах бол нэмэлт хүндрэл бэрхшээл тулгарна. Учир нь эх хавтанд хэдэн арван жил ашиглагдаж ирсэн ердийн стандарт BIOS тохиргооны амин чухал бүрдлийн нэг нь мастер бүүт бичлэг юм.
GPT нь одоогийн ASCII суурьтай BIOS-ын халааг авах зорилгоор Intel-ийн үүсгэсэн Extensible Firmware Interface (EFI)-гийн бүрдэл болдог. UEFI нэрийн доор Unified EFI Форумаас түгээн дэлгэрүүлж байгаа уг стандартын спецификацид багтддаг шинэ дэвшилтэт техник онцлогын нэгэнд илүү их хаяглах чадвартай LBA схем багтаж байгаа юм.

Харамсалтай нь өнөөгийн үнэмлэхүй ихэнх стандарт эх хавтанд UEFI систем байхгүй. MSI гэх мэт зарим үйлдвэрлэгчдийн цөөн зарим нэг загварын бүтээгдэхүүнд UEFI байдаг боловч нийт үйлдвэрлэгчдийн хувьд хараахан де-факто стандарт болж чадаагүй хэвээр байна. Цаашилбал 3 ТБ-ийн дискээр RAID багц үүсгэх гэж байгаа бол RAID контроллерийн драйвер мөн л Long LBA дэмждэг байх ёстой болно.

Хатуу диск хөтлүүр, эх хавтан, контроллер үйлдвэрлэгчдийн хамтын хүчин чармайлттайгаар энэ оны эцэс гэхэд 3 ТБ-ийн багтаамжтай хатуу дискэнд зориулагдсан дэд бүтэц үүсгэж амжина хэмээн Seagate компани тооцоолж байна.

Жич: Seagate Constellation ES цувралд багтах 3 ТБ-ийн хатуу дискийг тус компани оны эцсээр гаргах төлөвлөгөөтэй байгаа юм.