Байгаль, Амьтан 

Арцын Улаан хад

Хэдэн азарга адуу Их арцын амыг уруудан айсуй. Намар оройн будант тэнгэр Улаан хадыг минь тэгнэн байна уу гэмээр чимээ аниргүй.

Өвөл, зун, хаврын саруудад нутаг усаа зорьж, Улаан хадтайгаа золгон уулздаг минь олон. Харин намар оройн тунгалаг ахуй цагаар ирсэн минь ховор санагдана. Аравдугаар ангийн сурагч байхдаа хяруут намрын өглөө адуунд мордох л гэж хагас бүтэн сайны амралтыг өнжилгүй гэртээ ирдэг сэн. Хулсан уурганы цанг дээлийнхээ ханцуйгаар шувтраад уяан дээр бөнжигнөтөл чичрэх хүлэгт эмээл тохон, уургаараа газар тулаад сэвэлзтэл исгэрэн мордох даанч хийморилог билээ.

Самсаа сэтлэм шуугих хөхүүртэй айрагнаас гурван хулыг тогтоосондоо хацар хайрах хөндийн жаврыг үл ажирна. Уулын ар өвөр бэл, хад сархиаг, жалга дов толгодоор ирийн нэг тархсан адуугаа бөөгнүүлж, тосон угтах он жилүүдийнхээ таамагт хөшгийг яран салхи савираар нь санааширч, гэгээ гэрэлд нь умбан, тэмүүлэмтгий сэтгэлээр аливаад эргэлзэн тээнэгэлзэн, хөөрөн догдлон явсан минь арваад жилийн тэртээд сэн. Тэр л ахуй цагаас тэнгэр мөрлөсөн энэ хадтай сэтгэл зүрхний ахан дүү, багш шавь, анд нөхөд, амраг садан болж нэг үгээр хэлбэл дотоод ертөнцийнхөө мөн чанараар нийлж дээ. Улаан хад шиг эрмэг догшин, сүр жавхлантай бас эмзэг уяхан, гоо сайхан хийгээд хайр энэрлийн туйлыг одоогоор би үзээгүй л явна.

Адууч аавын "шийр зааж" анх хол газрыг зорин явахдаа айхын эрхээр айж, сүрдэхийн дээдээр сүрдэж дахин барааг нь харахааргүй ихэд хулчийсан миний бие төд удалгүй бүсгүй хүний сайхныг мэдрэх мэдрэмж, урсан алсарч буй цаг хугацааны дотоод уянгыг ойлгох ойлголт, сэтгэл зүрхнийхээ гэгээ, халуун дулаан бүхнээ бусдад цалгиулан түгээхийн ухаарал гэх нарийн нандин зүйл минь өнөө Улаан хадтай үл үзэгдэх шижмээр холбогдсон.

Анхны номынхоо дотор талын хавтас дээр
"Оюун санаанд минь оршсон Улаан хад
Орчлон хорвоо ертөнцөд шувуу болон ниснэ
" гэж бичсэн минь ихээхэн утга төгөлдөр санагддаг. Энэхүү хоёр шад мөрийг ахин дахин уншихад сэтгэл нэг л тэмүүлэмтгий болж, хүн байгалийн хүйн холбоо, сансар огторгуйн эрчимлэг долгионоос жигүүр ургаж буйгаа мэдэрдэг юм. Амралтаар хөдөө гэртээ  очин салхины тунгалаг, шөнийн аниргүйг биедээ нэвчтэл шингээсний дараа хөтөлгөө морьтой Улаан хадаа зорино. Очих газар минь хэдхэн саахалтын зайд ч тэндээс зөндөө их зүйл тээж ирэх юм шиг л.  Аавынхаа зүсэлж өгсөн морьдыг дүү нараар ногтлуулж, ээжийнхээ "гараа гаргаж" хийсэн гоёлын дээлийг өмсөнө. Энэ нь өөрийгөө, Улаан хадаа хүндэтгэж буй хэлбэр юм. Ааруул ээзгий, арц хүж, ном дэвтэр зэргийг өвөртөлнө. Тэгэхдээ бүр хэн гэдэг зохиолчийн номыг авч очих минь хүртэл эрэмбэтэй. Ер нь ийм нэг сонин дэг жаяг 2004 оны зунаас эхэлсэн. Тэр жил би гуравдугаар ангиа төгссөн оюутан байв. Айраг, адуу хоёртой "нөхөрлөж" явтал амралтын хугацаа дуусч, нохойн дуу ойртлоо гэдэг шиг хот руу буцах цаг хаяанд ирсэн байв. Улаан хадныхаа дэргэдүүр хичнээн удаа хэрж давхисан ч сэтгэл зүрхээрээ ярилцан, бие биедээ ууссан нь үгүй. Хот руу буцахын урьд өдөр "Улаан хадандаа очно" гэж гэрийнхэндээ зар тараагаад ихэвчлэн наадам, найрт явахдаа унадаг өндөр хүрэн халзан, харлаг морьдоо барин айлынхаа ахаар дэлийг нь засууллаа. Манайхан гайхаж байна аа. Урт шаргал дээлээ эгэлдэргэлж, улаан дурданг цэмцийтэл ороов.

Яг мордохынхоо өмнө ээжээс арц хүж, ааруул идээний дээж авч өвөртлөх зуураа "Хичнээн зуун жилийн нар, салхинд алгадуулж, бум түмэн үеийг өртөөлөн оршсон энэ улаан хад л хүүгийнх нь хувь заяаг дааж явах учиртай байж. Яруу найргийн минь эх ундарга эндээс ихтэй гэж боддог юм" хэмээхэд ээж аав төдийгүй гэрт айраг сөгнөн наргиж байсан хүмүүс ихэд гайхсан сан. "Ямар сүржин нөхөр вэ" гэж бодох нэг нь бодсон байх. "Нээрээ ч тийм юм уу даа" гэж хүлээн зөвшөөрөх нэг нь өөрийн мэдэлгүй толгой дохисон байж магад. Тэгэхэд манайх Улаан хаднаас ердөө арваадхан километрийн зайтай Цагаан эрэгт зусч байлаа. Хөшөөтийн голоо уруудан хос морьтой галигуулсаар яах ийхийн зуургүй хүрэх газраа ирэв. Дурдан бүсний нарийн үзүүр салхинд намирч хөтөлгөө морь үе үе үргэсхийнэ. Их Арцын аманд айл зусаагүй болоод тэрүү эл хульхан. Суль өвс нуруу бие, толгой хүзүүгээ түшин ганхацгаана. Морь барьдгийн хадны өвөрт орших хаваржааныхаа салхин доогуур гарахад тийм гэж хэлэхийн аргагүй дотнохон үнэр ханхийнэ. 1995 онд манайх энд хаваржих болсноос хойш чанх өөдөөс дүрлийн ширтэх цавчим элгэн хадыг түшиж эхэлсэн билээ. Улаан хадтай он он жилээр учран золгосон ч яг тэр өдрийнх шиг тэнгэрлэг, ер бус байсан нь үгүй. Тэгэхээр яалт ч үгүй дотоод ертөнцийнхөө халуун дулаан энерги, далд мөн чанараар холбогдсон өдөр юм. Хувь амьдралд минь дахин давтагдашгүй нэгэн шинэ хуудас нээж, нэн утга төгөлдөр цаг хугацаа Улаан хадны минь энгэр бэлээс өгсч эхэлсэн гэж бодном, басхүү итгэнэм. Энэхүү цаг хугацааны гольдрол хаана хүрч алдрахыг хэн ч эс билээ. 

13 үелээ бүхий хадныхаа өвөр өвөр дээр арц хүж уугиулж, идээ будаагаа өргөлөө. Мөн арван гурвантаа сөгдөн мөргөв. Бие сэтгэл ариусах шиг болсон сон. Ер нь Улаан хадныхаа тухай бодон алхахад санаа сэтгэл айван тайван болж, тархины ханаар сарнисан бүхэн ариусал, гэгээрлээр бүрэлдэн тогтоно. Үүний учир юунд юм бол. Зөвхөн энэ л шижим үзүүрээс хөөн бодоход тэрхүү сүрлэг, цавчим хаднаас өөрийгөө олсон гэж боддог оо. Сонин юм шүү. Улаан хадныхаа тухай олон шүлэг бичсэн дээ. Оюутан ахуй цагтаа охидын дурлалыг амь шүтээнтэйгээ уялдуулан боддог байж билээ. Ухаандаа, надад хүнд дурлахад Улаан хадны минь хөмсөг, сормуусанд нэгэн үзэсгэлэнт шувуу суулаа гэж ойлгоно. Магадгүй, шаналалд автах ахуйдаа манхан хадны минь "хаалгаар" хэн нэгэн гарч одож дээ гэж итгэнэ.

Аливааг ийн бодож, ийн ойлгох нь хүн, байгалийн шүтэлцээний хууль биз ээ.

Тийм дээ хайр энэрэл, гоо зүй, ариусал гэгээрлийн утгыг хадгалах гэсэн дээдийн сэтгэлтэй бүхэн "Азын цэнхэр уул"-тай байдаг ажгуу.

Миний хамгийн үнэтэй цаг хугацаа Улаан хадаа бодох агшин юм. Уулсын сайхныг үзэж, хүний сайнтай нөхөрлөх тусам Улаан хадаа санадаг сан. Тиймийн учир

...Гол мөрөн надаас далд урсаж, сэтгэл минь хэрхэн цалгихыг хэн ч эс мэднэ
Гоо охид надаас далд өсөж, зүрх минь хэрхэн догдлохыг хэн ч эс мэднэ
Хавраас солонгорсон модод надаас далд навчилж, цээжний хөх нөмөр чоно улихыг хэн ч эс мэднэ
Хайрын шивнээ үүсгэсэн өвс ногоо надаас далд ургаж, цэнхэр оршихуйд солир унахыг хэн ч эс мэднэ
Улаан хаднаасаа ангид суухуй...
Ганцаардал мэт сар хөөрч тэнгэр нурж буй нь сонсогдоод
Гаслангуй нэг л сонин салхи үлээж сэтгэлийн алсад навчис хийснэ
Галав эриний домогт зүүд мэт эсвэл надаас уйдсан охидын гэзэг мэт
Ганц далавчтай шувуу нисэх шиг болоод
Улаан хаднаасаа ангид суухуй...
гэж бичсэн байлгүй дээ.

2000-гаад оны намар санагдана. Хээрийн боохой унага ураад болохгүй болохоор нь адуугаа манахаар шийдэв. Наймдугаар сарын хорьд хэдийнэ гарчихсан. Адууны захад намрын шөнө барагдана гэж байхгүй. Их л удах шиг болон цаг харахад сайн даа 30 минут өнгөрсөн байдаг сан.

Зарим шөнө хүйтэн салхиар жаварлан үлээж өөрийн эрхгүй нөмөр бараадан Улаан хадандаа очно. Шөнийн тэрхүү хүйтэнд элгэн хаданд хацраа наахад халуу оргих шиг болдог нь сонин. Дотоод оршихуйн агаар, зүрх сэтгэлийн нандин холбоо ингэж нөлөөлөн хүйтэн жавар ч, халуунаар төөнөдөг аж.

Улаан хадны дор зусч байсан нэг үдэш хонио алдчихлаа. Аав эзгүй, ээж үнээгээ саахаар гарсан хэсэгхэн хугацаанд бид "чихгүй толгойлж" хонио хараагүйн улмаас үдшийн бүрий нөмөрсөн нь тэр. Ээж бид харанхуйтай уралдан гүүгээ сааж дуусаад би адуугаа залах, дүү хонио эрж олох үүрэг хүлээлээ. Аминдаа л шаламгайхан шиг давхин адуугаа залчихаад ирэхэд үүссэн асуудал улам хурцадсан байдалтай угтав. Хавь ойрынхон ч хонио алдсан сургаар манайд цуглан "Улаан хадыг л самнахаас" гэсэн яриа өрнөж байлаа.

Ингээд Улаан хадны урд зүг рүү Д.Дүүрэн ах бид хоёр явсан юм. Ханарсан их хад шөнийн харанхуйд даанч сүрдмээр. Би дотроо ихэд айж явав. Дүүрэн ах ус нутагтаа нэртэй гөрөөчин хүн. Тэрбээр анхны цаснаар гахайнд мордохдоо үүрдэг "Нарийн 800" буугаа үүрсэн байлаа. "Эрж эрж гурван сум л оллоо. Адуугаа эрт тавиад морьдоо аргалчихсан. Дүүг чинь "Хонь алга" гээд давхиад очиход яараад уяан дээр байсан энэ муу үрээг унаад гарлаа" гэж сөөнгөдүүхэн шиг хэрнээ аргил хоолойгоор өгүүлж байв. Аливаад хөл алдан, дуу шуу болоод байдаггүй энэ хүн буугаа аваад, айл хотлоороо хөдөлснийг бодоход хүн бүр л багагүй тэвдсэн байгаа юм.

Харанхуйд хад чулуун дундуур морьтой явах ямар хэцүүг тэгэхэд би сайтар ухаарч билээ. Дүүрэн ах байхгүй байсан бол над шиг жулдрай юун хонио олох манатай, Улаан хадныхаа доод бэлд уйлаад сууж байх биз. Том том үхэр хаднууд нь морь "тушчихаад" явуулдаггүй. Дэгэн догон явсаар Улаан хадны урд үзүүрт ирлээ. Дүүрэн ах мориноосо буугаад "Хүчтэй дуугарах байх шүү. Мориноосо унав. Барьж байгаа үрээгээ алдав" гэж захиад хэд хэд хүчтэй гуугалсны дараа буун дуу тавилаа.

Хад тэр чигээрээ нүргэлээд явчихав. Хоёр чих шуугиад сонсч байгаа юм алга. Тийм хүчтэй буун дууг би амьдралдаа анх удаагаа сонссон юм. Тэгж Улаан хадаа газраас жингүйдэн, агаарт дайвалзахыг бие, сэтгэлээрээ мэдэрсэн хэрэг. Шөнийн аниргүйг эвдэж, уул талыг цочтол сэрээсэн энэ буун дуу намайг Улаан хадны өвөр бэлээс алс хязгааргүйн цаад, оюуны санаа дотоод орон зай руу "шидсэн" ч байж болох юм. Урсан өнгөрөх цаг хугацаа бүхэн утга учиртай байдаг болохоор ийн бодох.  Цаг цагийн салхинд алгадуулж, царай зүс минь тунгалагшин байх мөн чанарыг би Улаан хадтайгаа холбож бодно. Алсаас дүнхийн сүр бараатай харагдах энэ хадан уул тархин дотор минь, биеийн минь эд, эс бүхэнд шингэж дээ. Би Улаан хадандаа оршиж, Улаан хад надад орших хувь заяаг хэн хайрлаа вэ.

Намар оройн шамрага бодлыг торгон үзүүрт аяар нэгхэн хаялнам. Их арцын амыг уруудсан адуу сүрэг чанх хойшоогоо налсаар эхнээсээ гол гаталж байгаа харагдана.

Н.Гантулга