Эртний гайхамшигт баримлуудаас
Бид дэлхийн шилдэг баримлуудаас уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа манай тооллын өмнөх үетэй холбогдох, дэлхийн урлагийн гайхамшигт 50 бүтээлийн талаар товчлон сонирхуулж байна.
Кэпрэний баримал. Энэ бүтээлийн тухай өгүүлэхийн өмнө нэрт зураач Фрэнсис Бэкон нэгэнтээ "Эртний египетүүд бол бүхнээс илүү гайхамшигтай уран бүтээлчид" гэж хэлснийг дурсъя. Кэпрэний баримал буюу Египетийн фараон Капрэгийн баримлыг та бүхэн харж байна. Түүний толгойг дайны тэнгэр Хорус тэвэрч байгаагаар дүрсэлсэн. Энэ баримал Каирийн музейд хадгалагдаж байна.
Зэсэн улаан арми. Ийм нэртэй баримал мэдээж Хятадын эртний урлагийг санагдуулна. Хаашаа ч юм дайлаар мордохын өмнө жагссан дайчид өчүүхэн ч хөдөлгөөнгүй зогсч буйг дүрсэлсэн энэ баримлыг
чухам юугаар барьсан болох нь тодорхойгүй. Эртний вааран эдлэлд хэрэглэдэг байсан "улаан шавар"-аар ч бүтээсэн байж болзошгүй гэж үздэг бололтой. Дайчид дараачийн тушаалаа хүлээж буй мөчийг энд дүрсэлсэн. Баримлын харагдах байдалд гайхалтай нам гүмийг онцлон гаргасныг дайчдын нүүр царайны гөлгөр хүйтэн байдлаас шууд харж болно. Энэ анир чимээгүй, түгшүүр төрүүлэм нам гүм байдал эгнээнээс эгнээнд өчүүхэн ч өөрчлөгдсөнгүй. Уг бүтээлийг манай тооллын өмнөх 220-210 онтой холбогдох бүтээл гэж үздэг бөгөөд Хятадын Ши-ань мужийн ойр орчмоос олдсон. Түүний энэ гэрэл зураг ч музей ч зураг дээрх бүтэн армийн талаарх мэдээллийг өнөө хэр өгч чадахгүй юм. Эцэст нь энэ бүтээлийг 1916 оны үед авсан байж болзошгүй хэсэг бусаг зургийг эвлүүлэн төрхийг нь гаргаж авсан байна.
Нууцлаг ханын зургууд. Энэхүү аварга том ханын зургийг манай эриний өмнөх 60-50 оны тэртээх цаг үеийнх гэж үзэж байна. Энэ зургууд эртний сонгодог үеэс үлдсэн,төгс дүрслэл бүхий ханын зураг юм.
Уг бүтээлд нүцгэн хүмүүс, онгон шүтээнээ тахих ёслол, эрүү шүүлт зэрэг тухайн цаг үеийн амьдралын маш баялаг үйл явдал дүрслэгджээ. Тиймээс энэхүү ханын зураг тухайн цаг үеийнхээ хамгийн өргөн дэлгэр мэдээллийг хадгалсан болж таарч байна. Гэсэн хэдий ч ханын зургийн нууц тайлагдашгүй хэвээр байгаа юм. Бидний мэдэх Хүннүгийн үеийн хадны сүг зургийг гэхэд л манай өөрийн болон гаднын монголч эрдэмтэд нэн өргөн хүрээнд судлан тайлбарласныг хүмүүс мэднэ. Тэгвэл үүнтэй нэгэн адилаар нэн эртний сонгодог энэ бүтээлийг тайлан уншихад хэдий хэрийн хугацаа урлаг судлаачид
эрдэмтдэд хэрэгтэй болох талаар барагцаа үгүй бололтой. Өнөөгийн эрин үед дэлхийн нэн ховор гайхамшигт бүтээлд тооцогдож буй 50 бүтээлээс дөнгөж гурвыг нь товчхон танилцуулахад ийм байна.
Н.Пагма

