Монголын "Шолохов" Батын Нямаагийн төрөлх тоонотоос хийсэн тэмдэглэл
Бултаараа мэнд амар, буриад зонЭмгэн шаргал наран доор энэхэн дэлхий амирлан ахуй намрын хонгор өдрүүдэд буриад зоны өлгий нутаг Хэнтий ханы Батширээт, Биндэр нутгаар аялахаар одов.
Тийн аялахын учир нь "Араараа модтой Биндэрьяа", "Бид гурав", "Санаа, заяа хоёр минь", "Арандалынхан" роман туурвиж их утга зохиолын хойморт "Монголын Шолохов" болон тодорсон Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Батын Нямаа ахайтны 80 насны ойг уугуул нутагт нь тэмдэглэх болсных билээ. Аравдугаар сарын нэгний өглөө Сүх жанжны талбайд яруу найрагч Д.Урианхай, соёлын гавьяат зүтгэлтэн Санжийн Пүрэв баавай, МЗЭ-ийн шагналт зохиолч З.Ядмаа, яруу найрагч Э.Хархүү нар ургах нартай уралдан хүрч ирсэн нь энэ аяллын гол зочид байлаа. Аяллын багт Монголын үндэсний телевизийн "Соёл-Эрдэнэ" нэвтрүүлгийн редактор Ж.Сарантуяа, Монголын радиогийн сурвалжлагч Г.Болормаа нар ч багтсан. Нэрт зохиолчийн гэргий, эдүгээ 75 нас сүүдэр зэрэгцээд байгаа Б.Намжил гуай арван найман настайдаа алсыг зорьж асан төрөлх нутаг усандаа баярын нулимстай золгосон юм.
Б.Нямаа ахайтныг Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилуудын нэг гэдгээр нь монголчууд мэдэхээс гадна оюун ухааны дээд сорилго шатрын спортын нэртэй тамирчин гэдгийг үр ачийнх нь гаргасан амжилтаар хүмүүс анддаггүй бүлгээ. Шатрын мастер Н.Төмөрхуяг, Н.Төвсанаа, Н.Түмэнбаяр, Н.Түвшинтөгс, Н.Төрбат, Н.Тунгалаг, Т.Батцэцэг, Т.Батзориг, Т.Батчимэг нарын оюунлаг үр хүүхдүүдийг өсч хүмүүжихэд нэрт зохиолч эцгийн оюун билгийн цараа чухам нөмөр нөөлөг болсон нь дамжиггүй ээ. Заяатын Ядмаа хэмээх сэцэн билэгтний хошигнолд автсан хүмүүс аян замын уртыг үнэндээ мэдрээгүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр, "Манай нутагт нэг сайхан худал ярьдаг өвгөн байлаа. Нэг удаа "Үгүй, энэ зараа гэдэг ч янзын хувилгаан амьтан шүү. Хувинтай цийдэмний сүүг уснаас ялгаад уучихсан байж билээ" гэж ярьсан. Мөн ч сэтгэж чадаж байгаа юм шүү. Бидний зохиолч нэр зүүх тэр өвгөний дэргэд юу ч биш" гэхэд машин дүүрэн инээд. Нээрэн ч зарааны тийн ус, сүү ялгахыг хэн л харж үнэн, худлыг батлах билээ дээ. Монголын зохиолчдоос Д.Урианхай, Д.Цоодол хоёрыг яруухан дуулдгаараа алдартай гэдгийг олонтаа сонсч байсан сан. Д. Урианхай ахын "Хадтай сүмбэр ууландаа...ай Дүүриймаа" гэж хүрээ донжоор аялахыг сонссон хэн хүний ч нулимс аяндаа л цийлэгнэх янзтай юм. Хэнтий чигийн зам Чингэс хааны баримал бүхий Цонжин болдогоор дайрах нь хууль. Хүмүүс бүгд л тэр аварга сайхан хөшөөт цогцолборт сэтгэл алдран байхад ганц хүн л толгой сэгсрэн "Урлагийг ингэж гутаах ч гэж" хэмээн шүүрс алдан байсан нь мөнөөх Д.Урианхай ах. "Алтан нарыг алгаар хааж болдоггүй" гэдэг шиг ариун үнэн болохоор яалтай билээ. Б.Нямаа гуайн гэргий Б.Намжил хэдий ная дөхсөн ч цариг тэнхлүүн нэгэн юм. Ирээдүйн нэрт зохиолч маань түүнийг 15 настайд сүй тавиад цэрэгт мордож гурван жилийн албаа хааж ирээд хань ижлээ болгожээ. Үүнээс хойш алаг булаг хорвоогийн жаргал зовлон бултыг хамтдаа хуваалцаж явжээ. Б.Бат-Эрдэнэ аваргын нутаг Өмнөдэлгэр сумаар үдэш оройхон дайрч урсгал Эгдээ дуутай уртхан Онондоо цуутай Батширээтэд шөнө дөлөөр очив. Энэ сум бол Батын Нямаа гуайгаас эхлээд алдартан суутны жинхэнэ өлгий болсон нутаг юм.
"Цалгих долгио таслаагүй
Өргөн Ононы урсгал
Цагийн уртад замхраагүй
Өнө холын дуртатгал
Ураг садан өвгөдийн
Омог алдарт өлгий
Урдаас надад тавилантай
Онон хатан эжий" гэж төрийн шагналт найрагч Нямбуугийн Нямдорж энд сэтгэлийн чавхдас хөглөжээ. Өргөн Ононы усыг нь магнайдаа сүслэн хүргэхдээ энэ л сайхан шадуудыг бодож л зогслоо доо, буриад зон минь.
"Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл, зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин сайхан амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чиний төлөө үхье гэж эх орондоо хэлдэг" Ц.Цэдэнжав найрагч ч энэ Ононы хөвүүн билээ. Түүнийг Монголын шатрын анхны спортын мастер гэж Ширээт нутгийнхан бахаддаг байнам. Буриад зон зочломтгой гэж өмнө нь олонтаа сонсч байсныг мойлтой цөцгий, нутгийн брэнд буриад талхыг нь амталсан ямар ч хүн хүлээн зөвшөөрөх байх. Намжил эмээгийн хамаатан Б.Цэнд гэж нэг сайхан баавай байна. Самган нь Нямдорж найрагчтай ойрхон төрөл аж. Ононы зүүн биед нутагтай Батын Нямаа зохиолчийн нагац талын Ц.Жаргалжав баавайнд очсон хэн ч бай буриад зоны ёс заншилтай бүрэн танилцах боломжтой юм. Очсон даруйд Жаргал баавайн хүргэн эдүгээ Америк тивд сурахаар одох гэж буй залуу бээр "Жирийгаад жирийгаад Жираахайн гол
Жирэлзэн урдасаар Улздаа нийлээ
Жимбэгэр улаяахан басгаднеэ
Жигтэеэхэн холо хадамд ош оо
Харъяалан байдаг Жираахайн гол
Хадъяа тойряад Улздаа нийлээ
Хайртай гансхан басгад ее
Хангинатал дууляад хадамд ош оо" гэж элгэнд шингэтэл дуулав ший. Жараахайн гол гэж Дорнод аймгийн Дашбалбар суманд байдаг гол гэнэ. Альхан газрын буриад нь ийм л дуу зохиодог байнав, хөөрхий. Буриад зон сархад өргөхдөө хальт сонсоход "Булта амжия явийя" гэцгээх юм. Хожим тайлбарлуулбал "Бултаараа амьд мэнд явъя" хэмээсэн үг ажээ. Батширээт сумын Засаг дарга М.Болд, Тамгын газрын дарга Б.Эрдэнэчимэг, ИТХ-ын дарга Ц.Баярсайхан нар нутгийнхаа уугуул Б.Нямаа зохиолчийн ойд уригдаж очсон үзэг нэгтнүүдийг элэгсгээр хүлээж авч, буцахын цагт Биндэрийн их овоо хүртэл үдсэн билээ. Сумын байгаль орчны хамгаалагч Н.Ганболдыг Баахалдай хэмээдэг нь учиртай байнам. Баахалдай гэж буриадаар баавгай гэсэн үг л дээ. Мань Ганболд нэгэнтээ хорхойссон баавгайг түүдэг дээгүүр салтайдан шидсэн учраас "Баахалдай" хэмээх цолоор "шагнуулжээ". Батширээт сумын төвд Б.Нямаагийн ойрын төрлийн Д.Базарсад баавайнх байдаг ажаам. Сумын соёлын төвд нэрт зохиолчийн ач хүү, шатрын дэд мастер Т.Батзориг 20 шатарчинтай зэрэг тоглолт хийж бүгдийг хожихыг харахад бахархалтай санагдаж байсныг нуух юун. Ийм тоглолт Биндэр суманд ч давтагдсан билээ. Б.Нямаагийн 80 насны ойд хүндэтгэл үзүүлж УИХ-ын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга Б.Бат-Эрдэнэ хүрэлцэн очсон нь сум нутгийнханд нь сайхан сэтгэгдэл үлдээсэн юм. Хэнтий аймгийн Биндэр суманд ч Б.Нямаагийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа өргөн цар хүрээтэй болов.
Сумын Засаг дарга Н.Алтангэрэл, ИТХ-ын дарга Ж.Рэнцэндорж нарын санаачилгаар зуун хун чуулсан Цагаан нуурын үзэсгэлэнт хөвөө, эзэн богд Чингэс хааны эхээс мэндэлсэн Дэлүүн болдог, Онон-Балжийн бэлчирт тухалснаа мартаж үл чаднам. Монгол түмний ахуй амьдралыг бичгийн хэл, бийрийн эрдмээр дархлан үлдээсэн үгийн их мастерын нутагт яруу найрагч Д.Гансүрэн, Б.Энхжаргал нарын онгод найргийн хүлэгтнүүдтэй учирсан маань ч эгэл жирийн явдал биш биз ээ. "Монголын Шолохов" Батын Нямаа агсны ойд зориулсан уншигч, редакцийн уулзалтыг 14 жил ажиллаж амьдарсан Биндэр суманд нь зохиох үед УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, гавьяат жүжигчин "Чингэс хаан" А.Энхтайван, төрийн түшээ асан Нямаагийн Түвшинтөгс нар Онон хатан эжийгээ магтан дуулсан аялгуугаар хоолой нийлсэн нь сонсголонтой байсан билээ.
Л.Батцэнгэл

