Түүхээр амьсгаллаа, амьсгаллаа гэхэд Тэмүүжин гэдэг хүнийг нь мартаж болохгүй л дээ
Монгол түмний их хүлээлт дор бий болсон “Үхэж үл болно-Чингис хаан” киноны зохиолч, ассистент найруулагч О.Эрдэнээтэй ярилцлаа.
- “Үхэж үл болно -Чингис хаан” киноны зохиол нь түүхээс хэт хөндий болсон гэх шүүмжлэл гарч байна. Энэ тухай таны хариулт?
- XIII зуунд амьдарч, Тэмүүжин, Жамуха хоёртой өвөр түрийндээ орж явсан хэсэг хүмүүс байдаг. Тэндээс нясласан чулуу л даа. /ёжтой инээв/ Гол нь бид түүхийн сурах бичиг зохиогоогүй. Энэ бол хувь хүний өнцгөөс “ийм байсан бол яах вэ” гэж бодож хийсэн уран бүтээл. Унших, судлах хоёрын хооронд алд зөрүү байдаг. Нотлох, урлах хоёрын хооронд түүнээс ч хол зай бий. Үүнийг олж хараагүй харалган улстай би юу ч ярих вэ дээ. Тэгээд ч Чингис гэдэг хүн бол хэн нэгний өмч биш. Өөрсдийнхөө барьдаг, баримталдаг Чингисээрээ дахиад кино хий л дээ. Бид ямар үүнээс цааш хийж болохгүй гэж хаалт тавьсан биш.
- Зарим үйл явдал түүхэнд тэмдэглэгдсэнээс ангид болсон байсан. Яагаад?
- Би энд ард түмний сайн мэддэг нэг жишээ дурдъя. Цогт тайжийн зохиосон “Дуутын хадны шүлэг”-ийг түүнийг нас барснаас хойш дөрвөн жилийн дараа хаданд сийлсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэгэхэд Б.Ринчен гуай яагаад Цогт тайжийг шүлгээ зохиогоод уншиж байхад Гүен баатар түүнийг нь хаданд сийлж байгаагаар бичсэн юм. Бас “Мандухай цэцэн хатан” киног хар. Тэр Батмөнх даян хаанд хоёр хүү төрүүлж өгөөд цэл залуугаараа Исмэйл тайжийн гарт амь үрэгдээгүй. Долоон хүү төрүүлж өсгөөд ная гарсан хойноо мөнх бусыг үзүүлсэн гэж түүх сударт байдаг юм билээ. Үүнийг Ш.Нацагдорж гуай мэдэхгүйдээ өөрчилсөн юм биш. Түүх, уран сайхан хоёрын алтан дундаж гэдэг энэ. Манай кинонд үүнтэй агаар нэг ганц хоёр хүний үхсэн он цаг урагшилсан, хойшилсон юм бий. Бид мэдэж байсан. Мэдээд ч хийсэн. Ингэж дайрна гэдгийг ч ярилцаж байсан. Ер нь тэгээд ганц нэг хүний үхсэн, төрсөн он цагт баригдаад кино маань хүлээсэнд орох ёсгүй. Энэ бол уран сайхны кино. Шаардлагатай гэж үзвэл зарим нэг зүйлийг утгыг нь алдагдуулахгүй өөрчлөх эрх бий. Энэ бол миний эрх биш. Нийт ард түмний таашаалд нийцүүлсэн уран сайхны эрх.

Редли Скотын найруулсан “Гладиатор” киног хар. Марк Аврелий хаанд Максимус нэртэй жанжин байгаад, тийм үйл явдал болсон ч юм уу, болоогүй ч юм уу бид мэдэхгүй. Италичууд л лав манай түүхийг гуйвуулжээ гэж халаглаж байхыг би сонссонгүй. Хувь заяаны эрхээр мэсчин боол болсон цэргийн түүхийг ямар сайхан үзүүлэв. Бид яагаад заавал түүхийн нэг сурвалжид баригдаж түүнийгээ туйлын үнэн болгох гэж зүтгэх ёстой юм бэ. “Нууц товчоо” бол бодит түүхээс сэдэвлэсэн бас л нэг уран зохиол. Жишээ нь гурван зуун тайчуудыг дарсан домгийг авч үзье. Шүдээ хүртэл зэвсэглэсэн гурван зуун дайсны эсрэг долуулханаа тулалдаад дийлж байгааг “Энэ бол бодит түүх, яг тийм юм болсон” гэж мэтгэх үү, эсвэл уянгын халил гэх үү. Зүй нь “Яг тийм байсан” гэж муйхраар зүтгэхээсээ илүү үеийн үед олны анхаарлыг татаж түмэн оньсогыг нь ямраар ч эргүүлж, адал сониноор зохиомжилж болох гайхамшигтай туурвил бүтээсэн цэцэн билэгт өвгөддөө В.Шекспирт талархдагаасаа илүү баярлах ёстой байх.
- Боорчийн сэтгэлт бүсгүйг яагаад хэрцгийлэн хөнөөв өө?
- Би XIII зууныг “хөнжилдөө унтах завгүй хөнөөлдөн тэмцэлдэж байсан” догшин зуун байж дээ гэж ойлгодог. Эрх мэдлээ бусдад булаалгасан ухвар мөчид хүн нэг хүүхэн битгий хэл нэг хэсэг отог аймгийг хүйс тэмтэрч явсан үе байх. Түүнийг л харуулах гэсэн С.Жаргалсайхан зохиолчийн уран сайхны шийдэл. Одоо харж байхад харин ч бид дутуудуулчихав уу даа гэж бодогддог. Энэ бол цус, нулимсанд дуртайдаа биш юм. Ийм юм байж болохгүй юм байна, бүү давтагдаасай гэсэн уран бүтээлчийн санаа. Тэгэхэд зарим нь Тэмүүжинийг илднийхээ ирэнд цус амсуулалгүй явсаар, зөвшилцлийн журмаар төр байгуулсан гэж зүтгээд байна. Уучлаарай. Тэр зөвшилцөл гэдэг чинь саяхнаас бий болсон юм. Зөвшилцөж чаддаггүйн хар гай яаж илэрдгийг бид долоон сарын нэгэнд харсан. Ардчилсан, соёлтой гээд байгаа энэ нийгэмдээ... Гэтэл энэ чинь XIII зуун шүү дээ.
- Зүчийг зарим түүхчид Чингисийн ууган хүү гэж баталдаг. Гэтэл та яагаад заавал мэргидийн удам болгон дүрслэв?
- Энэ бол бас л “Нууц товчоо” - ны нэг оньсого. Түүнийг нь С.Жаргалсайхан зохиолч гайхалтай урнаар ашиглаж чадсан. Харин би энэ хэсэгт нэг том алдаа хийснээ монтаж хийх явцад олж харсан. Эх зохиол дээр Хасар “Ах аа, би энэ муу мэргидийг цавччих уу” гэхэд Чилгэр бөх “Хасар, би чамайг муу боржигон гэж хэлээгүй байхад чи юунд намайг муу мэргид гэнэ. Бид чинь адилхан монголчууд” гэсэн утга бүхий яриа байсан. Түүнийг оруулаагүйдээ одоо ч гэсэн харамсч сууна. Мэргид цус гэдэг бол харь цус биш. Өнөөдрийн бидний халх, дөрвөд, буриад гэж ярьдаг шиг адилхан л нэг Монгол аймаг байсан гэж боддог. Тэгээд ч манай кинонд Зүчийг “Энэ бол яг Чилгэрийн хүүхэд” гэж хэлдэггүй. Баригдаж ирсэндээ хорссон Чилгэр бөх эрийн шийр заан Тэмүүжиний хорыг хусч, бардам дээрэнгүй Сэнгүм түүнд нь ташуур өгөө л биз. Тэмүүжин харин ч нэр төртэйгөөр Зүчийг өөрийн хүү болохыг нотолдог. Энэ хэсэг өөрөө киноны хамгийн ээдрээтэй, жүжигчдээс асар өндөр ур чадвар шаардсан, эгзэгтэй хэсэг. Түүхээр амьсгаллаа амьсгаллаа гэхэд “ХҮН” гэж нэг юмыг мартаж болохгүй л дээ. Тэмүүжин, Бөртэ, Чилгэр бүгдээрээ л адилхан хүн шүү дээ. Ийм юм амьдрал дээр байж л байдаг.
- Жүжигчдийг сонгоход таны оролцоо байсан уу?
- Байгаагүй.
- Нэгэнт кино зохиолыг нь бичсэн хүнд миний зохиолын энэ дүрд тийм хүн тогловол зүгээр дээ гэсэн бодол байсан л биз дээ?
- Миний бичсэн хувилбар бол тав дахь нь. Бүх дүрүүдэд жүжигчид сонгогдсон байсан үе. Харин Жамухын дүү Тайчирын дүрд Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин С.Ариунбямбыг харж бичсэн. Юутай ч энэ сонголт алдаагүй.
- Жамухыг үхүүлж байхаар, нэрээ солиод Тэмүүжиний нэг цэргийн нэрт жанжин болсон гээд шийдчихэж болоогүй юм уу. Энэ бол таны эрх байсан шүү дээ?
- Энэ тухай ёстой бодож байгаагүй юм байна. Тэгээд ч би хүний зохиол дээр ажилласан хүн шүү дээ.
- Кинон дээр дуулдаг дууны үгийг хэн бичиж, аяыг хэн хийв. Бүтнээр нь хэлж өгөөч?
- Үгийг нь чухам хэн бичсэнийг мэдэхгүй. Төрийн соёрхолт Б.Шарав гуай аяыг нь зохиосон юм.
Анд хүний амь нэг
Арьсан дээлийн зах нэг
Сайн андын санаа нэг
Сармай дээлийн зах нэг
- “Үхэж үл болно -Чингис хаан” киноны Тэмүүжинийг бусад улсын бүтээсэн кинонуудын Тэмүүжинтэй харьцуулахад хэт ноомой, бусдын аясыг харсан хүн мэт болж гэлцэх боллоо?
- Ер нь бидэнд баатар хүн баатраараа л төрдөг гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Тийм болохоор хүн болгонд нэг нэг Чингис байдаг. Тэр нь нар, сарыг атгаад, агаараар алхаж явсан юм шиг төсөөлөгддөг байх. Бид яагаад нэг удаа Чингисийгээ газарт буулгаж болохгүй гэж. Яагаад бидэнтэй адилхан л мах цусанд төрөөд, хувь заяаны эргүүлгэн дундаас өсч өндийсөн жинхэнэ Монгол эр хүн байж болохгүй гэж. Би Тэмүүжинээ ноомой болсон гэж хэлэхгүй. Энэ бүхний цаана хал үзэж, хат суусан их Монгол ухаан бий. Кино дуусаагүй байна. Тэмүүжин гэж ямар хүн байж вэ гэдгийг мэдрүүлэх хоёр, гуравдугаар анги “нөж атган” дуншиж байна.
- “Нууц товчоо”-г баримтлан кино зохиолоо бичиж болоогүй юм уу. Заавал яагаад С.Жаргалсайханы зохиолыг барив?
- Энэ бол Л.Эрдэнэбулган найруулагч, С.Жаргалсайхан зохиолч хоёрын олон жилийн өмнөөс бүтээх гэж төлөвлөж байсан ажил. Тийм болохоор надад С.Жаргалсайханы зохиолын хүрээнээс халих эрх байхгүй.
- Түүхэн зохиол бичихэд хүндрэлтэй тал юу вэ?
- Мэдээж XIII зуунд амьдарч байгаагүй болохоор тэр үеийн ахуй, нийгмийн сэтгэхүй, хүмүүсийн хоорондын харьцааг орчин үеийн үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдтөл бичнэ гэдэг хэцүү. Судалгааны ажилд цаг, зав их зарцуулна. “Чингис хааны нууц түүх” роман бичсэнийх нь төлөө Сорогдогийн Жаргалсайханыг яллах ёстой” гэж хашгичиж явсан зарим хүмүүсийг би мэдэх юм. Гэтэл тэд өнөөдөр “Жаргалсайханы бичсэн агуу мундаг юмыг юу ч мэддэггүй нэг хүүхэд баллаж хаялаа” гээд гуагчиж эхэллээ. Би юу ч мэддэггүй байж болно. Гэтэл юу ч мэддэггүй хүний юмаар бүтээл хийсэн улс, хувь хандив өргөсөн хүмүүс түүнээс ч долоон дор болж таарах нь. Уучлаарай. Энэ үг хаашаа чиглэж байна вэ. Хэлэх үг, хийх үйлээ бодооч та минь... /шүүрс алдан хэсэг чимээгүй суув/ Үнэхээр С.Жаргалсайхан зохиолчийн тэр том зохиолоос шүр сувдыг нь шүүрдэнэ гэдэг хэцүү байсан. Энэ дашрамд С.Жаргалсайхан зохиолчийг би Монголдоо “номер-1” жүжгийн зохиолын хаан байж дээ гэж хэлмээр байна. Хүний сайн нь түрүүлж явдаг гэж үнэн юм.
- Та сонин дээр гарч байгаа шүүмжлэлүүдэд их эмзэглэж байх шиг?
- Үгүй дээ. Иймхэн юманд эмзэглэх юм бол үг хэлхэж, утга шаглахын хэрэг юун. Киноны шүүмжийг кино мэддэг хүн бичмээр байна. Ядаж л киноны сайн үзэгч баймаар байна. Түүнээс биш “Зээрэн хавцалд тийм тулаан болоогүй юм шүү дээ. Таргудай тийм жижигхэн биетэй хүн байгаагүй юм” гээд хажууд нь амьдарч байсан юм шиг яриад байгаа хүнийг би ойлгохгүй юм. Саяхан л бид Богд хааныгаа муу нэрт өвчинтэй сохор түвд гээд хараадаг л байсан. Түүнтэй адил уран зохиолд эсрэг талын дүрийг яаж ч дүрсэлж болно. Тэр жишээ болоод байгаа хүний үс нь битгий хэл яс нь ч олдоогүй биз дээ. Ямар сайхан цаг зав бэ. Түүний оронд “Драматургийн өсөлт нь ийм байсан бол болох байж. Мезансцена тавилт нь арай өөр байсан бол...” гэдэг ч юм уу мэргэжлийн юм яримаар байна. Тэгвэл бидний санаж сэрэх нь ч өөр болно. Түүнээс биш Таргудайн том жижиг нь энэ киноны чанарт ямар хамаа байна аа. Ийм утгагүй юм ярьж биесээ хэмлэхээ больё л доо. Бид өнөөдрийг хүртэл агуу мундаг юм хийчихлээ гэж орилоогүй л байна. Бид чадлаараа зүтгэсэн. Үүнээс илүүг хийх чадал ухаан бидэнд байгаа юм байна гэдийг ухаарлаа. Мэдээж алдаа дутагдал бий. Тэрнийг минь хэлж, ярьж өгч байгаа ахмад буурлууд, найз нөхөддөө чин сэтгэлээсээ баярладаг. Хойшдын уран бүтээлдээ дахин ингэж алдахгүй юмсан гэж хичээж байна. Гэхдээ яагаад бидний оноог, ололтыг харж, ярьж болохгүй гэж. Энэ нэг харанхуй жалганаасаа гарцгаая л даа. Тийм л сүрхий байсан юм бол биднийг киногоо хийх гэж хоёр, гурван жил зүтгэж байхад нэг удаа ирээд зөвөлгөө өгөх нь яасан юм. Өөрөө шүдэнз зурж чаддаггүй юмаа гэхэд өрөөлийн асаасан түүдгэнд цучил нэмэх ухаантай байхсан гэж би боддог. Тэр ч утгаараа Л.Эрдэнэбулган найруулагчийн кинонд чадлынхаа хэрээр “тэвэр түлээтэй” ирсэн. “Миний авч ирсэн “түлээ” илүү сайхан “асч” байна даа” гэж бодож суух сайхан байна шүү дээ. Бид хийсэн юмтай, хэлэх ч үгтэй хүмүүс. Бид түүхэнд үлдэж, тэнгэрт ивээгдэх хувьтай үйл бүтээсэн улс. Тэгээд ч түүх гэдэг бол нэг хүний өмч биш. Тэр тусмаа Чингисийн түүх. Чингисийн тухай дахиад мянган кино хийгдээсэй. Манай шар сахалт өвөөд төдий дайны баялаг түүх бий гэдгийг ёстой цээжээ дэлдэж байгаад хэлчихье.
Д.Лхагва-Очир

