Нийтлэл 

(Дурсамж)

Улаан ямаагаараа алдартай унаган нутаг Баяндэлгэр минь

Улсдаа улаан ямаагаараа алдаршсан Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум миний зүрхний ховдолд байнга хадаастай байдаг юм. Тахиа жилийн хавар миний бие тус сумын Төв багийн нутаг "Харваах" гэдэг газар хүмүүн биеийг олж, өдий зэрэгтэй яваа болохоор нутаг, усаа санагалзах нь зүйн хэрэг билээ.

Бяцхан түүх сөхөхөд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны хурлын тогтоолоор орон нутгийн хошуудыг татан буулгаж, сумдыг томруулж, улсын хэмжээгээр хуучин таван аймгийг 13 болгох үеэр Хан Хэнтий уулын аймаг нь хоёр аймаг болж, Дорнод аймагт Асгат, Дарьганга, Молцог, Онгон, Халзан, Хонгор зэрэг сумдын хамт манайх Улаан нуур сум нэртэйгээр харьяалагджээ. Улаан нуур сум найман багтай, 300 гаруй өрхтэй үйл ажиллагаа явуулж байгаад 1933 онд 10 багтай Баяндэлгэр сум болохдоо 600 шахам өрх айлтай, Дамдингийн Баян гэдэг дарга нь хошууны үеэс олон жил сайн ажилласан учир Улс хувьсгалын 13 жилийн ойгоор засгаас шагнуулж байжээ. Баяндэлгэр сум урдуураа БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, баруун талаараа Дорноговь аймгийн Өргөн, Дэлгэрэх, хойгуураа өөрийн аймгийн Түвшинширээ, Уулбаян, Халзан, зүүгээрээ Онгон сумтай хиллэдэг.

Сумын нутгийн хүйс нь сумын төвөөс урагш 10 км-т Хужиртын амны эхэнд гэж тооцдог юм билээ. Нутгийн хамгийн өндөр цэг нь далайн түвшнээс дээш 1226 метр өргөгдсөн Бэрхийн уул юм. Ар жирэм, Далай, Сонин, Өөшийн зэрэг ар говь, Хэвтээ, Булан, Бор толгой, Оломт, Сайн-Ус, Хөөвөр, Гашуун зэрэг энгэр говиудтай. Сумын нутагт Ширээт, Өгөөмөр, Их Уул, Ухаа Овоот, Дөхөмийн Баян Овоо, Бадрахын Уул, Нартын уул зэрэг тахилгатай газрууд байдаг. Хүн зон нь хөдөлмөрөөрөө, хүлгийн сор нь шандсаараа гайхагдсан тус сумаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Л.Гомбосүрэн, Н.Дугаржав, Б.Лхамжав, Л.Хоролгарав, А.Мажиг, төрийн шагналт Б.Дэнсмаа, гавьяат нэгдэлчин Ц.Насан, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Алтангэрэл, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Рина, гавьяат эмч, доктор, профессор А.Өлзийхутаг, УБХ, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн, Батлан хамгаалахын дэд сайд асан, доктор, профессор Б.Эрдэнэбат, Монгол Улсын ерөнхий прокурорын орлогч

Б.Цэрэнбалтав, улсын анхны аварга мэргэжилтэн Д.Шаарийбуу, "Алтан тариа" ХХК-ийн захирал П.Цэнгүүн, "Мико Холдинг" ХХК-ийн захирал Ц.Санжий зэрэг нэр цуутай алдартнууд төрсөн юм. Сумынхаа тухай энэхүү бэсрэг өгүүллийг бичиж байхтай зэрэгцэн төрөлх сургуулийн маань 70 жилийн ой давхцаж байгаа учир энэ сургуулиас эрдмийн шим хүртсэн шавийн хувьд бяцхан дурсамж тэрлэхийг зорилоо.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын дунд сургууль үүсэн байгуулагдсаныхаа 70 жилийн ойг энэ сарын 17-ны өдөр тэмдэглэх гэж байна. Баяндэлгэр сумын бага сургууль хоёр багш, нэг тогооч, 50 гаруй сурагчтайгаар "Зүүн цагаан чулуут" гэдэг газар байгуулагдаж байжээ. Сургуулийн анхны захирлаар Р.Шагдар, багшаар Б.Цэнд нар ажиллаж, ардын үр хүүхдүүдэд алтан номын үсгийг анхлан зааж, хүүхэд бүрт хөх даалимбан тэрлэг, бакал гутал тавьж өгч байж. Анхны хичээлийн жил нь зуны эхээр  эхэлж, хэдэн сар хичээллээд намар өндөрлөсөн юм билээ.

1944 оны хавар тус сургуулийн анхны төгсөлт болох дөрөвдүгээр ангийг Багшийн сургууль дүүргэсэн залуу багш С.Моонон дааж, сурлагын 100 хувийн амжилттайгаар нийт 49 сурагчийг төгсгөжээ. Өнөөдөр тэр сурагчдаас Н.Оточ, Ц.Дамдинсүрэн, Я.Санжаадорж нарын 20-иод хүн энх тунх амьдарч байгаа бөгөөд хамгийн сонирхолтой нь Дорнын их яруу найрагч Б.Явуухулан агсны гэргий Цэ.Адъяа тэд тус бага сургуулийн анхны төгсөгч аж. Баяндэлгэр сумын дунд сургуулийн үе үеийн захирлаар Ш.Дорж, Д.Лувсантавхай, Жалбагаваа, Д.Магсар, Н.Наянтай, Д.Шарав, Б.Халзан, Г.Очир, Ш.Агваан-Осор, А.Ганболд, Ш.Тэрбиш, Д.Гөлгөө, А.Дэмбэрэл, Р.Дэлгэрцогт, Я.Санзайжав, С.Шаарийбуу нарын нэртэй багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байжээ. Тус сургуулиас  доктор, профессор Д.Цэндээ, С.Дамдинсүрэн, Д.Аваадорж, Л.Ням, И.Ядамсүрэн, радио телевизийн ахмад сэтгүүлч Д.Хасбазар,  радиогийн ахмад нэвтрүүлэгч Баянмөнх нарын ахмад үеийн олон алдартнууд төржээ. Харин хожуухан үе буюу миний мэдэхийн, АНУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич, доктор, профессор, олноо "элэгний" хэмээн алдаршсан их эмч М.Шагдарсүрэн, ХХЕГ-ын Ар тал, инженер техникийн газрын дарга, Бригадын генерал Д.Ганбаатар,  Сүхбаатар аймгийн Засаг дарга Р.Эрдэнэцогт, Сүхбаатар аймаг дахь "МОНЦАМЭ" агентлагийн сурвалжлагч Г.Сүхээ нарын алдартнууд ч төрөн гарсныг тэмдэглэх юун. Энэ бүхнийг цааш үл нуршаад харин өөрийн ангийнхны тухайд бэсрэгхэн дурсамж өгүүлюү!

Өдгөөгөөс 10 жилийн тэртээ буюу 1998 оноос орос хэлний багш мэргэжилтэй Д.Цэрмаа өнөөдрийг хүртэл сургуулийн захирлаар ажиллаж, төрөлх сургуулийнхаа 70 жилийн ойг тэмдэглүүлэх ховорхон хувь тохиосныг бахархал гэхээс яахав. Яагаад бахархал гэж онцлов гэвэл Д.Цэрмаа бид 1974 онд Баяндэлгэр сумын найман жилийн дунд сургуулийн наймдугаар ангийг хамт дүүргэсэн "Нэг ангийн ханагарууд" гэдгээс үүдэлтэй юм ...

1966 оны есдүгээр сарын 1-ний өдрийг миний бие яахин мартах билээ. Цэнхэр даалимбан тэрлэгэн дээр ээжийнхээ урлаж өгсөн хүрэн даавуун цүнхээ үүрч, ааваараа хөтлүүлэн бяцхан цагаан байшинд хүрч очиход гадна нь баахан хүүхдүүд бужигналдан байсан сан. Төд удалгүй цагаан шаргал царайтай залуухан нэгэн хүрч ирэн хүүхдүүдийн нэрс дуудан жагсаахуйд миний нэр ч мөн дуудагдлаа. Бидний зэргэлдээ бас нэг хүн нэрс дуудан хүүхдүүдийг жагсааж байв. Ийнхүү биднийг эрдмийн их уурхайд хөл тавиулах эхний шанг татахаар томилогдсон тэр багш маань Лувсандагва гэж сайхан хүн байв. Зэргэлдээх нь Монголжав багш байжээ. Ингэж 1а, 1б анги бүрэлдэж, хожмоо наймдугаар ангийг хамтдаа төгсгөсөн түүхтэй. Тэр өдрийн шөнийг бид ер мартдаггүй юм. 

Сургуулийн дотуур байранд хоносон анхны шөнө гэрээ санаад орондоо битүүхэн мэгшин уйлж байж билээ. Сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч багш Н.Шагдар гэж 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон, бас цэргийн том дарга явсан лут зарчимтай хүн байлаа. Биднийг өглөө босгоод гүйлгэнэ, оройн тоо, зугаалга хийлгэнэ. Одоо бодох нь ээ цэргийн диктатураар л хүмүүжүүлдэг байж. Байрны хүүхэд барилдаанч, бас дээр нь зодоонч гэгчээр найман жил сургуулийн дотуур байранд хүмүүжихдээ юу эсийг үзэж, юу эсийг сэдэх билээ. Тэр бүгдийг нуршвал бараг зохиол шиг л юм болно. Ганц жишээ дурдахад, бидний хэдэн нөхөд наймдугаар ангиа гайгүй дүнтэй дүүргэж, хүссэн хувиараа авсандаа бяцхан хөөрцөглөсөн юм байлгүй, бага зэрэг хатуу юм хүртэцгээж, тэр пянгаа даахгүй, дотуур байранд байсан Д.Дуламсүрэн, Б.Пүрэвсүрэн, Ж.Алтанцэцэг, Д.Алимаа нарын хэдэн охидоо айж, ичээхийн зэрэгцээ байрныхаа цонхыг хагалж бөөн хэрэг мандуулж орхидог юм байна. Маргааш өглөө нь Н.Шагдар гуайдаа бут авахуулаад зогсолгүй сумын удирдлагын хурлаар орж, мал дээр гарах дээрээ хүртэл тулж явлаа. Хэргийн эзэд болох Д.Гансүх Сүхбаатар, Төв аймгийн шүүхийн даргаар олон жил ажиллаж, одоо Төв аймагт мэргэжлээрээ ажиллаж байна. За тэгээд Д.Дорж Монголбанкинд, Д.Түвшинжарал автын механик мэргэжилтэй ч Хонгор багт малчнаар ажиллаж байх жишээтэй. Ер нь манай ангийнхан жигдхэн сурлагатай хүүхдүүд байж. Тийм ч учраас ихэнх нь их, дээд сургууль дүүргэжээ. Тухайлбал, Ц.Төмөр хурандаа цолтой ХХЕГ-т хойд хил хариуцсан ажилтан, Д.Цэрмаа сумынхаа найман жилийн дунд сургуулийн захирал, С.Бат сумандаа томоохон бизнесмен, Д.Чулуунбаатар Америкт, Ч.Чулуунбаатар аймагтаа шүүхийн ажилтан, Ц.Базаррагчаа Хэнтий аймгийн цагдаагийн хэлтсийн ажилтан, Г.Хүрэлбаатар Дорнод аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч, Д.Дуламсүрэн Эрээн хотод томоохон рестораны эзэн, Д.Ариундэлгэр, Д.Алимаа, Ж.Алтанцэцэг, Д.Энэбиш, Б.Энхмандах, Ц.Дуламсүрэн, Д.Борхүүхэн  нар төрөлх сум, нутаг орондоо  ажиллаж, амьдарч байгааг хэлэхэд таатай. Биднийг ийнхүү бие хүн болгон төлөвшүүлэхэд сурган хүмүүжүүлэх ур ухаанаа зориулж явсан тэр үеийн багш нар Лувсандагва, Ц.Монголжав, Д.Шарав, Хадхүү, Хорлоо, Ш.Тэрбиш, Б.Сугаржав, Шүрэнцэцэг, Сумъяа зэрэг багш нараа дурсахад сайхан байна. Тэр дундаа дөрөвдүгээр анги төгсгөсөн багш Тэрбиш, долдугаар анги төгсгөсөн багш Моонон, наймдугаар анги төгсгөсөн багш Г.Батболд нартаа нийт төгсөгч, хамт олныхоо өмнөөс халуун талархлаа дэвшүүлэх нь зүйтэй болов уу. Харамсалтай нь, Моонон багш маань аль хэдийнэ бурхны орноо одсон ч, өчүүхэн шавийнхаа сэтгэлийн үгийг тэнгэрийн орноо сонсож байгаа гэдэгт эргэлзэх юун. Харин Г.Батболд багшийг маань монголчууд бараг андахгүй дээ. Багагүй хугацаанд БСШУЯ-нд газрын даргаар ажилласан багш маань одоо ч яамандаа ажилласаар л байгаа билээ.

Дэггүй бяцхан шавь нараасаа
Дэлхийн дэвжээнд хүртэл нэрээ дуурсгах
Дэвсгэр суурийг нь зөв тавьж өгсөн
Баяндэлгэрийн дунд сургуулийн маань
Бахархах үйлс дэвжсээр байх болно

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, зохиолч, сэтгүүлч Гомбын Баатарнум