Монгол Улсын анхны мөнгөн тэмдэгтийг Богд хаан гаргажээ
Тусгаар тогтносон анхны Монгол Улсын мөнгөн тэмдэгтийг 1921 онд Богд хааны зарлигаар гаргаж байжээ. Энэхүү мөнгөн тэмдэгт 10, 25, 50, 100-тын дэвсгэрээр гарч байсан бөгөөд 10, 25-тын дэвсгэртийг нь “Бага болзоот”, 50, 100-тын дэвсгэртийг нь “доллар” хэмээн нэрийддэг байсан аж.
Дэвсгэртийн гарал үүслийг хөөвөл Барон Унгерн, Богд хаан, Лаврев гэсэн гурван хүнтэй холбоотой гэнэ. Гэхдээ энэхүү мөнгөн тэмдэгтийг гаргахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүн нь олноо өргөгдсөн Монгол Улсын Сангийн сайд Лувсанцэвээн юм байна. Чин ван хэмээн алдаршсан Лувсанцэвээн тэр үед бүх дэвсгэрт дээр гарын үсгээ зуран баталгаажуулж хэвлэж байсан аж
Тэрээр сүүлд гамингуудыг хүрээнээс хөөхөд цэрэг удирдан гарамгай ялалт байгуулж байсан ч хожим нь түүнийг хилс хэргээр Ардын засгийнхан цаазалсан гэдэг. Харин мөнгөн дэвсгэртийг хэвлэсэн хүн нь Лувсангомбо хэмээх дархан хүн байжээ. Өдгөө “Бага болзоот” буюу Богд хааны гаргасан доллар Монголд нэг ч ширхэг байдаггүй аж. Учир нь уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд гаргаад төд удалгүй буцаан татаж устгасан болохоор дэлхийд нэн ховорт тооцогддог байна. Мөн анх хэвлэхдээ 100-тын долларыг 400 ширхэг хэвлэсэн гэсэн баримт бий. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр бол “Бага болзоот”-ын 10-тын дэвсгэрт дэлхийд 3-4 ширхэг, 25-т 1-2, 50 доллар гурав, 100 доллар нь нэг ширхэг байдаг нь тогтоогджээ.
Зоос судлаач, цуглуулагч Б.Нямаа гэх эрдэмтэн хэдэн жилийн өмнө Балтиморт болсон олон улсын ховор мөнгөн тэмдэгтийн үзэсгэлэн яармагаар явж байгаад манай түүхчид судлаачдын олон жил хайгаад олоогүй “Бага болзоот”-ыг олж солилцоо хийж, худалдан авсан байна. Үүнээсээ хойш тэрээр дэлхийн ховор мөнгөн тэмдэг судлаачдын дунд зар тарааж уйгагүй хайсны эцэст 25-тын дэвсгэртээс бусдыг нь олж авсан гэнэ. Өдгөө Б.Нямаа Америкт ажиллаж амьдарч байгаа бөгөөд саяхан энэ талаараа лекц уншиж олон сонирхолтой баримтуудыг дэлгэн тавьжээ.
“Бага болзоот” дээр гүн утга агуулга бүхий таван нүдэн хээ байдаг аж. Энэ нь өнгөц харахад дугуй хэлбэртэй энгийн зүйл мэт байв ч нарийн утга учиртай юм байна. Монголчуудын бэлгэддэг хас, өлзий хээ, цагаан лавай зэрэгтэй харьцуулахад таван нүдэн хээ нь гүн гүнзгий утга учир бэлгэдэлтэй аж. “Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйн бичиг”-т заахдаа Монгол түшмэдийг есөн зэрэг дэвтэй байхаар тогтоожээ. Үүнд дээд тэргүүн зэргийн түшмэл нь “Таван нүдэт алтан тэмдэг” дэд зэрэг түшмэд “Алтан өлзий утас” гутгаар түшмэд “Алтан хас” дөтгөөр түшмэд “Чандмань эрдэнэ”, тавдугаар түшмэд “Мөнгөн лавай” бүхий пүүс зүүхээр хуульчилсан байдаг. Эндээс үзэхүл таван нүдэт хээ нь хамгийн өндөр дээд гэсэн утгыг давхар агуулж байгаа нь харагдаж буй. Түүх судлаачид мөн таван нүдэт хээг олон талаар тайлбарладаг аж.
Энэхүү “Бага болзоот” мөнгөн тэмдэгтийг үзэхүл өнгө үзэмж сайтай бөгөөд өвөрмөц түүх агуулж байдаг гэнэ. “Бага болзоот” дэвсгэртийн дараа Данзангийн “доллар” гарсан байна.
Б.Содонбаатар

