Мэдээ, мэдээлэл 

“Үндэсний эрх чөлөөний өдөр”-ийг бямба гаригт тэмдэглэхээр болов

Шинэ оны сүүлчийн өдрүүдэд Сантагаас гадна анхдугаар Богд Жавзандамбын тухай эргэцүүлж бодох хэрэгтэй болох нь. Ирэх бямба гариг буюу арванхоёрдугаар сарын 29-нийг “Эрх чөлөөний үнэ цэнийг мэдрэх өдөр” гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ж.Сүхбаатар хэллээ.

1911 оны арванхоёрдугаар сарын 29 өлзий учрал бүрдсэн сайн өдөр байлаа. Сайн өдрийн морин цагт наймдугаар богд Жавзандамбыг ширээнд нь залж, Монгол Улс тусгаар тогтносныг зарласан түүхтэй. ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн секторын эрхлэгч О.Батсайхан энэ гайхамшигт өдрийн түүхийг ийнхүү хуучиллаа. Түүхч Ж.Болдбаатар ярихдаа “ Шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт хаант засаг тогтсон ч хаант Бүгд найрамдах улсын хэлбэр рүү дөхөж байсан” хэмээн онцлов. Энэ үед Үндсэн хуулийн төсөл боловсрогдож байсан юм байна.

Ерөнхийлөгч Н.Энхбаяр хуулийн төсөл санаачилж, УИХ “Үндэсний эрх чөлөөний өдөр”-ийг бүх нийтээр албан ёсоор тэмдэглэх шийдвэр гаргасан аж. Ерөнхийлөгчийн зөвлөх Я.Долгоржав түүхэн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөг ярив. Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Үндэсний эрх чөлөөний өдөр” сэдвээр хичээл заана.

“1911 оны Үндэсний ардчилсан хувьсгалтай холбоотой баримт бичгүүд” үзэсгэлэн, үндэсний 128 бөхийн барилдаан, олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн тамганы хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслол болох аж. Богд хаант Монгол Улсын алтан тамгыг Богд хааны музейд залж хүндэтгэл үзүүлэх юм. Мөн 28-29-нд Богд хааны ордон музейг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлэхээр зэхжээ.

Б.Эгшиглэн