Нийтлэл 

Баабарын “Гэндэн” өгүүллийг уншаад дараахь зүйлийг бичив

Аливаа түүхт хүмүүс, түүхэн зүтгэлтний тухай нийтлэхдээ түүхийн баримт, судалгаанд үндэслэн, түүхийн үнэнийг гол зарчим болгодог билээ. Хэт магтан сайшаах, хэт үгүйсгэн муучлахын аль алиныг цээрлэх учиртайг та юун андах вэ.

Гэтэл Баабар та манай өвөө Гэндэнг малын хулгайч, сайн эр байсан, машинаар хүн дайрч алан, авгай хүүхэнтэй холбогдож, өөрийгөө IX Богд хэмээж байсан гэх зэргээр ямар ч баримтгүй зүйлийг санаанаасаа зохион бичиж, гүтгэн доромжилсон нь биднийг ихэд цочроолоо.

Манай өвөө Гэндэн бол орон нутагтаа нэр хүндтэй, ялангуяа 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалыг талархан угтагчийн нэгэн, өөрийн хошуунд 1922 онд байгуулсан МХЗЭ-ийн 23-дугаар үүрт гишүүнээр элсэн орж, 1924 оны хоёрдугаар сард тус хошуунд МАН-ын 98 дугаар үүрийг анх байгуулахад тэргүүн даргаар нь сонгогдон ажиллаж байсан түүхтэй. Тиймээс П.Гэндэн 1924 оны зун хошууны Их хурлаас, аймгийн Их хуралд, аймгийн Их хурлаас Монгол Улсын анхдугаар Их хуралд төлөөлөгчөөр сонгогдон 1924 оны XI сард нийслэл хотноо ирж Их хуралд оролцжээ.

Монгол Улсын анхдугаар Их хурал бол ардчилсан сонгуулийн зарчмаар явагдсан болохоос биш таны бичсэнээр “Улсын анхдугаар хурал гол төлөв хөдөөгийн ардуудыг хаанаас ч юм цуглуулан хуралдсан” бус. Хошуу, аймаг, улсын гэсэн шаталсан сонгуулиар 90 төлөөлөгч сонгогдсоноос 77 төлөөлөгч нийслэл хотноо ирж хуралджээ. Их хурал Монгол Улсын анхны Yндсэн хуулийг баталж, Yндсэн хууль ёсоор БНМАУ-ын Бага Хурал хэмээх хууль тогтоох дээд байгууллагыг байгуулж даргаар нь ямар хүнийг сонгох талаар МАХН-ын Төв Хорооны дарга (таны бичсэнээр япон Данзан биш) Ц.Дамбадорж, Ерөнхий сайд Б.Цэрэндорж, Улсын Их хурлын даргаар ажиллаж байсан МАХН-ын Төв Хорооны дэд дарга Н.Жадамбаа нар ярилцахад Н.Жадамбаас Арвай хээрийн Гэндэн гэдгийг санал болгосныг Б.Цэрэндорж, Ц.Дамбадорж нар зөвшөөрснөөр Их хуралд оруулан батлуулжээ. Улсын Бага Хурлын даргад төв Халхын малчин залуу Гэндэнг сонгосны учрыг судлаачид П.Гэндэнгийн үзэл бодлоо илэрхийлэх чадвар, ухаалаг идэвхтэй үйл ажиллагаа нь хурлын явцад тодорсоных гэж үзсэн байдаг.

1928 онд хуралдсан МАХН-ын ҮII Их хурал Намын Төв Хороог тэгш эрхтэй гурван нарийн бичгийн даргатай болгож П.Гэндэн, Б.Элдэв-Очир, Ө.Бадрах нарыг сонгожээ. Баабар та Ж.Лхүмбийг сонгосон хэмээсэн нь ташаа болжээ.

1932 оны зургадугаар сард хуралдсан МАХН-ын Төв Хороо, НХБТК-ын хамтарсан III Онц бүгд хурал, тус хурлаас гаргасан Шинэ эргэлтийн бодлогыг Гэндэнтэй холбон түүний санаачлага чармайлт хэмээн үздэг нь зүй ёсны асуудал юм. III Онц бүгд хурал П.Гэндэнгийн тавьсан “Улс орны дотоод байдал ба намын цаашдын зорилтын тухай” илтгэлийг хэлэлцээд Монгол орны байдалд дүн шинжилгээ хийсэн бодит дүгнэлт өгч, зүүний алдаа завхралыг засч Шинэ эргэлтийн бодлого явуулах тогтоол шийдвэр гаргасан нь Гэндэнгийн зүтгэл чармайлтын үр дүн байв. Бүгд хурлын илтгэл Монгол орны байдалд бодит үнэлгээ өгч, онол практикийн өндөр түвшинд боловсруулагдсан нь Гэндэнгийн гүйлгээ ухаан, алсын хараатай бодлоготой шууд холбоотой байжээ. Бүгд хурлын илтгэлийг П.Гэндэн хэний ч оролцоогүй зөвхөн өөрөө хэлж Ө.Чимид, Ц.Өлзий-Очир хоёроор бичүүлсэн юм гэж тухайн үед Намын Төв Xорооны зохиолын хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байсан нэрт түүхч Ц.Насанбалжир гуай өгүүлсэн байдаг. Онц III бүгд хурлаас буруушаан зассан зүүний нугалаа завхрал нь Коминтернээс Монголд тулгасан социализмын зөвлөлт загвар байжээ. Нугалааны үед албадан байгуулсан хамтрал коммун нь мал сүргийг үрэн таран хийж, малчдын малаа өсгөх сонирхлыг сүрхий бууруулсан төдийгүй, малын тоо найман саяар хорогджээ. Лам нарыг хүчээр хар болгож, яллах, сүм хийдийг хаах зэргээр сүсэг бишрэлийг ноцтой доромжилсны хор уршгаар 1932 оны зэвсэгт үймээн гарахад хүргэжээ. Зүүний нугалаа завхралыг засч Шинэ эргэлтийн бодлогыг явуулахад П.Гэндэнгийн санаачлан зохион байгуулсан МАХН-ын Онц III бүгд хурал онцгой чухал үүрэг гүйцэтгэжээ.

П.Гэндэн 1924-1928 онд Улсын Бага хурлын дарга, 1928-1932 онд Намын Төв Хорооны нарийн бичгийн дарга, 1932-1936 онд Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж байхдаа Гадаад яамны сайд, Улсын банкны Ерөнхий Хорооны дарга, МҮЭ-ийн Төв товчооны даргаар тус тус хавсран ажиллаж байжээ.

П.Гэндэн Ерөнхий сайд байсан үе бол Монгол орны улс төрийн байдалд Коминтерн, ЗХУ-ын зүгээс гүнзгий оролцож ангиар ялгаварлах, хагалан бутаргах бодлого явуулж, баруунтан зүүнтэн гэгчийг зохиомлоор буй болгожээ. Энэ жилүүд бас Гэндэнд улс орноо гэсэн эх оронч сэтгэл зүтгэлийн илэрэл болсон олон зүйлийг санаачлан хийж хэрэгжүүлэхийн төлөө тэмцлийн жилүүд байжээ.

Гэвч П.Гэндэнгийн эх оронч санал санаачлага нь социализмын зөвлөлт загварт эрс харшилж байна гэх зэргээр хориг саад тавин янз бүрээр хавчиж байжээ.

П.Гэндэнг буруутгаж байсан гол зүйл нь:

  • Намын байгууллагын төр засгийн захиран тушаах ажилд хутгалдан оролцож буй онцгой эрхийг хязгаарлан зохих байранд нь байлгах бодлого.
  • Ардын аж ахуйтныг бусдыг мөлжихгүй тэгш баяжих–БАЯЖИГТУН лоозон. Энэ лоозон гаргаснаар малчин ардын малаа өсгөх хувийн сонирхол дээшилж Монголын мал анх удаа 1938 онд 26 сая толгойд хүрсэн бөгөөд энэ лоозонгийн ач холбогдол нь манай өнөөгийн хөгжлийн дүр зураг болж байна.
  • Лам нарыг ангийн дайсан гэж устгах Сталины бодлогыг эсэргүүцэх

Бас Гэндэнг ЗХУ-тай тогтоосон ах, дүүгийн найрамдалд өө сэв суулгасан хэмээн И.В.Сталинтай зөрж маргасанаас үндэслэн буруутгасан юм.
Монгол Улсаас ЗХУ-д төлөх ёстой байсан 29.4 сая төгрөгийн өрийг цагаатгах тухай П.Гэндэнгийн хүсэлтийг ЗХУ нааштай хүлээн авч хүсэлтийг ёсоор болгон хүчингүй болгосоноо ЗХУ-ын Засгийн газраас 1934 оны арванхоёрдугаар сарын 1-нд П.Гэндэнд албан ёсоор мэдэгдсэн байдаг. Энэ бол ЗХУ-д Монголоос төлөх өрийг цуцалсан анхны тохиолдол байв.

Манай өвөө Гэндэнг эх орноосоо урвагч, хувьсгалын эсэргүү дайсан хэмээн 1937 оны долдугаар сарын 17-ны өдөр хилс хэргээр баривчилж залхаан цээрлүүлж байгаад 1937 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр цаазаар авах ял оноон тэр өдөрт нь гүйцэтгэжээ. Манай улсын тусгаар тогтнолын баярын өдрийг сонгосон нь тохиолдлын зүйл биш болов уу гэж үздэг. Түүнчлэн амь насыг нь бүрэлгээд зогсоогүй, түүнийг элдэв муухайгаар гүтгэн гүжирдэж мэдээллийн бүх хэрэгслээр тэр үед сурталчилж бaйжээ.

Монгол Улсын хүсэлтээр ЗХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллеги П.Гэндэнд холбогдуулсан улс төрийн хэрэг гэгч нь худал зохиомол болохыг нь нотлон тогтоосон 1956 оны долдугаар сарын 15-ны 4-22693156 тоот магадлалаар хэрэгсэхгүй болгон цагаатгаж нэр төрийг нь сэргээсэн билээ. Тэр цагаас түүний нэр төрийг сэргээх ажил өдгөө ч үргэлжилсээр байгаа билээ.

П.Гэндэнгийн нэрэмжит сангийн тэргүүн С.Бэхбат