Монголын эртний түүх 

Хүннүчүүд Грек, Ромтой харилцаж байсан байж болзошгүй

“Хүннүгийн үеийн олдворууд” хэмээх археологийн судалгаа, шинжилгээний бүтээлээрээ ШУА-ийн Археологийн хүрээлэнгийнхэн БСШУЯ-ны шилдэг бүтээлийн гэрчилгээ авсан билээ. Олдворууд Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа сэдэвт үзэсгэлэнгийн үеэр дэлгэгдсэн юм. Энэ талаар тус хүрээлэнгийн Хүрэл төмөр, Хүннү судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Ч.Ерөөл-Эрдэнэтэй ярилцлаа. - Гол мод, Ноён уулын булшнаас олдсон Хүннүгийн үеийн олдворуудыг үзэсгэлэнд тавьсан байсан. Сонин содон олдворуудын талаар манай уншигчдад танилцуулаач…

- Сүүлийн үеийн судалгааны үр дүнд Хүннүгийн үеийн язгууртнуудын булш олдож байгаа. Үзэсгэлэнд хоёр газрын олдвор тавигдсан. Үүний нэг нь Архангай аймгийн Хайрхан сумын Гол мод гэдэг нэртэй дурсгалт газар. Анх 1956 онд археологич Доржсүрэн илрүүлж, жил гаруй ажилласан. Түүнээс хойш судалгаа хийгдээгүй байж байгаад 2000 оноос Монгол, Францын хамтарсан археологичид Гол модны суурин судалгааг хийж байна. Хүннүгийн язгууртнуудын оршуулгын томоохон газар л даа. Ийм оршуулгын газар манай нутгаас зургаа олдоод байгаа юм. Бидний хийсэн ажил гэхээр Гол модын оршуулгын тархацын хүрээнд тоог нарийвчлан гаргаж дэвсгэр зургийг хийсэн. Одоогоор 420 орчим булштай гэж тоолоод байгаа. Үүнээс гадна малтлага судалгаанууд хийгдэж байгаа. Энэ он хүртэл тэндээс язгууртны гурван том булш малтаж гаргасан. Язгууртны булшны онцлог нь үндсэн том булшны эргэн тойронд нь дагуул булшнууд байдаг. Хаан нас барахад зарц албат нарыг нь дагуулж оршуулдаг байж л дээ. Харцуудын булш том булшныхаа баруун талд нь байдаг. Одоогоор ийм 15 булш малтаад байгаа.

- Хэр гүнээс малтаж гаргасан бэ?

- Хүннүгийн язгууртны булш хэмжээний хувьд маш том. Газрын хөрсөн дээр харагдах байдал нь дөрвөлжин, урд талдаа үүдэвч нь трапец хэлбэртэй. Хэмжээний хувьд хамгийн том нь хааш хаашаа 40-50 метр. Гадаад байгууламж нь томоос гадна газрын хөрснөөс доош 15 метрийн гүнд байдаг. Тэндээс малтаж судална гэдэг хүн хүч, цаг хугацаа шаардсан том ажил л даа. Нэг булш малтахад 2-3 жил шаарддаг. Булшны дотоод зохион байгуулалт нь 15 метрийн гүн газар ухаад дотор нь дүнзээр бунхан барьсан байдаг. Бунхан дотор талдаа давхар хашлагатай, хашлага дотроо модон авс байдаг. Амьд ахуйдаа хэрэглэж байсан эд зүйлсийг нь хийдэг болохоор хаад язгууртны булш дагалдуулсан эд зүйлсээр харьцангуй баялаг л даа.

- Харц хүмүүсийн булшийг хааныхтай нэг зэрэг оршуулсан гэдгийг мэдэх боломж бий юү?

- 2000 жилийн өмнөх оршуулга болохоор зэрэг оршуулсан гээд шууд хэлчих бас хэцүү л дээ. Яагаад зарц нарын булш гээд таамаглаад байна гэхээр Хятадын түүхэн сурвалжуудад гардаг. Хүннүгийн хаан нас барахад албат зарц нарыг алж дагалдуулж оршуулдаг гэж. Өмнө нь судалгааны хэрэглэгдэхүүн бага байсан болохоор албат зарц нарын оршуулга гэж мэддэггүй байсан. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс харахад дагалдах булшнаас гарч байгаа хүний яс 20-25 орчим насны залуу хүнийх байгаа. Энэ нь Хятадын түүхэн сударт тэмдэглэгдсэн олон зарц нарынх нь оршуулга байх боломжтой.

- Язгууртны булшинд малтлага хийж гаргаж авсан гэлээ. Гол гол олдворууд гэвэл…

- Урьд өмнө нь олдож байгаагүй сонирхолтой олдворууд нэлээн гарсан л даа. Хүннүгийн үеийн бараг бүх язгууртны булшнаас морин тэрэг гардаг. Энэ нь бидний таамаглаж байгаагаар нас барсан хүний нөгөө ертөнцөд очихдоо унадаг унаа нь байж болох юм. Гол модны язгууртны 20 дугаар булшнаас гарсан морин тэргэнд нөхөн сэргээлт хийж үзсэн. Дээрээ шүхэртэй, хоёр дугуйтай ёслолын морин тэрэг байгаа. Хийц нь их чамин. Морин тэрэгнийхээ тэвшийг модоор хийгээд улаан өнгийн лаакаар зааглаж будсан. Дугуйных нь хигээсүүдийг ч хараар лакдсан байсан.

- 2000 жилийн өмнөх оршуулганаас юу үлдсэн байх нь ойлгомжтой. Ямар аргаар ингэж сэргээдэг вэ?

- Үнэхээр булшнаас гарч байх үеийнх нь байдал ийм морин тэрэг байж гэхэд хэцүү. Морин тэргэнээс дугуйны хигээс, тэвш, шүхэрний дээд талын хүрэл чимэглэл гэх мэт л үлдсэн байдаг. Морин тэрэг бол хүннүчүүдийн өөрсдийнх нь хийсэн эд биш. Хятадын Хан улсад хийсэн ёслолын морин тэрэг байдаг. Үүнийг Хятадын судалгааны материалуудтай харьцуулаад Хан улсын “Яо-Чэ” нэртэй морин тэрэг гэж тогтоосон. Хятадын Хангийн үеийн олдворуудаас ийм тэрэг гардаг юм билээ. Хятад оршуулгын онцлог нь эд материалыг төлөөлүүлж хийдэг. Морь тэрэг гэхэд хүрлээр жижигхнийг хийгээд оршуулганд нь хамт хийх жишээтэй. Хятадын Хангийн үеийн булшнаас ийм бүтэн морь тэрэг гарсныг үзээгүй. Мөн нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн онцлог байдаг. Бөө мөргөлийн шашинтай байсан үе. Оршуулганд эд зүйл дагалдуулахдаа заавал эвдэлж хийдэг байж. Тэр нь ямар учиртай гэхээр, хүн нас барахдаа бие нь үлдээд сүнс нь явдаг гэдэг. Тэр хүнд эд хэрэглэлийг нь дагалдуулахын тулд эвдэлж сүнсийг нь хамт явуулж байна гэсэн утгатай болов уу гэж таамаглаж байгаа. Оршуулганаас дандаа эвдэлсэн эд зүйлс гардаг нь үүнтэй холбоотой байх. Жишээ нь, хүрэл толийг л гэхэд заавал хагалах, ваар савны амсрыг эмтэлж хийсэн байх жишээтэй.

Мөн тэндээс хүрэл эдлэлүүд нэлээн гарсан. Хүрэл шийдэм, гүц, цар гэх мэт, лаакан эдлэл ч бий. Бидний морин тэрэгнийх байх гэж таамаглаж байгаа, дээр нь домгийн амьтан дүрсэлсэн чимэглэл сонирхол татаж байгаа.

- Түүнийг тайлбарлаж байсан санагдаж байна…

- Бид амьтан судлаачдад үзүүлж тодорхойлуулсан л даа. Тэр амьтны бие нь бугынх, толгой нь адууных. Духан дээрээ ганцхан эвэртэй. Нэг чимэглэл дээрээ энэ амьтныг далавчтай, нисч байгаагаар дүрсэлсэн байгаа. Өмнө нь олдож байгаагүй сонирхолтой зүйл л дээ. Эндээс бас хөлөгт тоглоом гарсан. Шатар л юм шиг байгаа юм. Монголын нутгаас олдоод байгаа хамгийн эртний шатар.

Гол модны олдворуудыг нарийн шинжилж судлахын тулд нэг жилийн хугацаатай Франц авч явдаг. Луврын музейд сэргээн засварладаг.

- Ноён уулын булшнаас гарсан олдворын тухайд…

- 1912 онд алт хайж байсан оросууд Ноён уулын Хүннүгийн булшийг санамсаргүй нээсэн гэдэг юм. Тэд алтны судал хайж яваад том жижиг олон хонхор байсныг олж нэг томоохныг нь малтаж үзэхэд булш байжээ. Олсон олдворынхоо заримыг Эрхүү, Петербургийн холбогдох эрдэм шинжилгээний газар явуулсан нь Оросын эрдэмтэн судлаачдын сонирхлыг татсанаар П.К.Козловын хээрийн шинжилгээний ангийнхныг Ноён ууланд аяны дөрөө мултлахад хүргэсэн байна. Тэндээс ноцолдож буй амьтдын зураг бүхий алдартай ширмэл ширдэг зэрэг олдворууд олдсон. Энэ бол XX зууны дэлхийн археологийн том нээлтэд тооцогддог. Манайхан 1960-аад онд бага зэрэг судалж байгаад орхисон. 2006 оноос манай хүрээлэн Оросын ШУА-ийн Сибирийн салбарын археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн хамтарсан төсөл хэрэгжүүлж байгаа. 2006 онд Ноён уулын Сүжигтийн аманд малтлага хийсэн. 18 метр гүнд язгууртны оршуулга илэрсэн. Зохион байгуулалтын хувьд Гол модныхтой адилхан дүнзэн бунхан, модон австай оршуулга гарсан.

- Сонирхолтой олдворуудаас нь дурдвал…

- Торгон дээл, өмд, гутал, малгай, шавар болон хүрэл, мөнгөөр хийсэн сав суулга, эмээл, бичигтэй чий будаг бүхий модон аяга, үнэт чулуу, алт мөнгөн эдлэл, малын болон ангийн үс, үр тариа зэрэг олон тооны эд өлгийн дурсгал олдсон. Хамгийн сонирхол татаж байгаа олдвор гэвэл Грек, Ромынх байж магадгүй гэмээр бурхдыг дүрсэлсэн чимэглэлүүд олдсон. Одоогоор судалгааны ажил үргэлжилж байгаа болохоор яг тийм гэж хэлэх хэцүү. Гэхдээ 2000 жилийн өмнө хүннүчүүд Грек, Ромтой харилцаж байсан байж болзошгүй сонин таамаг гарч ирж байгаа юм. Мөн Гол модны булшнаас гарсан шиг дээрээ шүхэртэй ёслолын морин тэрэг, ганц эвэртэй домгийн амьтныг дүрсэлсэн чимэглэл олдсон.

Гол модноос гарсан домгийн амьтныг бид Европынхтой харьцуулж үзсэн. Европт юникорн буюу ганц эвэрт гэдэг юм билээ. Морь битүү туурайтай байдаг бол булшнаас гарч ирсэн ганц эвэртийн зураг салаа туурайтай байна лээ. Тэгэхээр Европ зүгээс ирсэн байж магадгүй гэж бид үзээд байгаа юм. Домогт ганц эвэртийг цэвэр ариуны бэлгэдэл гэдэг. Библийн сударт ч ганц эвэртийг хүнд үзэгддэггүй гэж бичсэн байдаг. Өмнө нь ийм олдвор олдож байгаагүй болохоор харьцуулах зүйл ховор байгаа.

Мөн ёроолдоо хятад ханз бичээс бүхий лаакадсан модон аяга гарсан. Хүннүгийн үед Хятадад Хан улс байсан. Тэндээс ирсэн байх. Тэр бичгийг тайлаад уншихаар он цаг нь нарийвчилж гарах боломжтой гэж үзэж байгаа.

- Ер нь булшийг хэдий үеийнх гэдгийг нь яаж тогтоодог вэ?

- Сүүлийн үед он цаг тогтооход байгалийн шинжлэлийн радио карбоны аргыг хэрэглэдэг болсон. Энэ нь радио идэвхт нүүрстөрөгчийн аргаар он цаг тогтоодог гэсэн үг. Гэхдээ энэ аргаар он цаг тогтооход нэмэх, хасах 50 гэсэн хэлбэлзэлтэй гардаг.

Д.Оюунтуяа