Аймаг, сум, газар нутаг 

Таван цастын нутаг минь

Xaa саагүй ган нүүрлэж байхад манай нутаг адууны cap лугаа сугарч үлддэг гэж хууччуул ярих. Үнэхээр ч ган болохын аргагүй нутаг. Ямар ч хуурай жил Ховд голын хөвд хаврын адаг сард ногоороод ирнэ. Тавдугаар сарын дундуур "малаа хоршоонд тавихад" ногоонд хэдийнэ цадчихна. Мөнх цасыг хормойдон залгах Салван, Балтгай, Бөөрөг, Намаржин, Баян , голын зусландаа хүрэхэд ямар ч болов үхэр адууны ногоотой залгана. Цас унамагц хоёр гурван хоногтоо багтаад заавал шуурдаг тул уулын арын өвс байнга ил. Иймээс зуд ч болохын аюул гэж үгүй. Ийм л нэг өнтэй сайхан нутагт Ойрадын их хаан Галдан бошигтын албатын үр сад аж төрөн сууна.

Монголын гуравдагч өндөр оргил Цамбагарав өөлдүүдийн эцэг уул. Цаст гэж түүнийгээ сүсэглэн нэрлэцгээнэ. Цаст үүлшлээ борооших нь, зулай нь цэлмэлээ тэнгэр зохирох нь гэх зэргээр ярина. Өдөр бүрийнх нь ахуй амьдралд энэ уул ингэж холбогдохоос гадна өөлдүүдийн түүх соёл түүнтэй бас барилдлагатай. Дахин бослого тэмцэл гаргах вий хэмээн өөлдүүдийг уугуул уснаас нь Сайн ноён аймаг руу нүүлгэж Өгий нуурт суурьшуулахад Галдан хааныхаа тэнгэрт хальж, хөрсөнд шингэсэн тэр хайрхныхаа өвөрт очно гэж 1760-аад онд хэсэг нь тасран нуүж Ховдын хязгаарт суурьшсан нутаг нь энэ. Тэр цагаас Өөлдийн үйзэн гүний хошуу нэртэй явж. Нүүдлийг ахалж ирсэн ноёныхоо гэрийг энэ уулнаа онголон хадгалсан гэдэг домог ч бий.

Өөлдүүд эл хан уулаараа омогшин бахархаж, суслэн биширч, нөмөр нөөлөгт нь аж төрнө."Арван өртөөний алст бие биеэ харуулдан дунхайх мөсөн дуулгат Хөх Сэрх, Балтгай, Сухайт, Цамбагарав, Ханхөхийн уулсаар хүрээлэгдэн орших энэ нутгаа өөлдүүд Таван цастын орон гэж бас бахархан нэрлэнэ. Цамбагаравын зүүн сугаас эхэлж хэдэн зуун бээр үргэлжлэх Сартагтайн гуу язгуур эртний тариалант иргэншлийн ул мөрийг гэрчилнэ. Бээжинд хадамд гарсан бэр Алтай нутгийнхаа цэнгэг усыг санагалзаж, хатан Ховдоосоо ундлахаар зарлиг болгосонд түмэн боол энэ аварга байгууламжийг ухсан гэх домог бий. Ямар ч болов Социализмын зам нэгдэл байгуулагдаад эртний эл сувгийг ашиглан усалгаатай тариалж байсан нь саяхан билээ. Өөлдүүд урлаг, спорт, уран сайхны билиг авьяасаар бялхам үндэстэн билээ. Алдарт Жамъян хуурч, түүний хүү Чулуун, ардын жүжигчин А.Загдсүрэн, гавьяат жүжигчин Д.Машлай гээд олон авьяастнуудтай.

 

Ховд аймаг - Зургийн цомог

Монголын эстрад дууны тулгын чулууг тавилцаж явсан Л.Оюунчимэг, Баяраа нар ч манай сумынх. Х.Баатар, О.Бэгз, М.Алтангэрэл Д.Болормаа гээд орчин цагийн нийтийн дууны мастерууд ч бий. Өөлд ардын уртын дуу монголчуудын дуу хуурын урын санд нэгэн өвөрмөц хөг аялгуу нэмнэ. Радиогоор "Өндөр Алтай нутаг"-ийг СТА Ж.Нямсүрэн асан цангинуулж байхад Сэрхийн нурууныхаа зоонд яваа мэт сэтгэл сэргээд ирнэ. Чөлөөт бөхийн дэлхийн аварга Ц.Энхжаргал, самбо бөхийн дэлхийн мөнгөн медальт Б.Дөшчулуун, хүрэл медальт Б.Эрдэв, улсын начин Т.Бат-Эрдэнэ агсан, Т.Амартүвшин, хүндийг өргөгч Ч.Дашзэвэг Ч.Батчулуун гээд спортын мастерууд бий. Зураач Д.Мишиг, барималч Л.Ганхуяг зэрэг олонд танил болсон авьяаслаг уран бүтээлчид цөөнгүй.Ойрадын Цорос аймгаас салбарласан эл ястан овгийн нэрээ өнөөг хүртэл хадгалан мөрдөж, тасралтгүй хэрэглэж ирсэн онцлогтой. Хэдэн жилийн өмнө овгоо олж тогтоох гэж улс даяар ажил өрнөхөд энэ нутаг хачингахийн шаардлага гараагүй.

Хойд, хошууд, цорос, тайчууд, авгас, хэрэйд, бургууд гэх зэрэг 40 гаруй ясанд хуваагдах 60 шахам удмынхан (үржвэр овог) манай суманд амьдран сууна. Монголын ястан үндэстнүүдээс өөлдийн ялгарах бас нэг тэмдэг нь "Гал тамга". Ахмад багш тайчууд Б.Пунцагдаш гал тамга 26 хувилбараар хэрэглэгддэгийг тоолж тогтоосон нь бий. Бог нь голдуу ганзага имтэй байх. Нутгийнхан маань Тал тамгатай, ганзага имтэй, Галдмаа баатартай, Галдангийн өөлд" гэж өөрснийгөө тодотгоно.

Манай өөлдүүд тун ч ажилсаг хөдөлмөрч хүмүүс. Хөдөлмөрийн баатар Н.Цэдэнпил, А.Отгондалай, усжуулагч У.Цэдэн-Иш, барилгач Р.Сандуйжав, Г.Цэен-Ойдов, нисгэгч Р.Батнасан, эдийн засагч Н.Дамбаа, багш З.Цагаанхичиг, Г.Дашдондог гээд зүтгэл бүтээлээрээ алдаршсан гавьяат цолтнууд олон бий. Эрх чөлөө, шударга ёс, чин үнэнииг эрхэмлэх нь өөлд ястны уламжлалт онцлог гэлтэй. Ван Амарсанаа, партизан Лувсан, чекист Ц.Гомбо гээд Монголын тусгаар тогтнолын төлөө үеийн үед тэмцэж явсан цогтой эх орончид манай нутгаас олон төрж гарсан байдаг.

Манжийн үед ч Өөлдийн хошуу ноёноо үе улиран залгамжлуулдаггүй, харин номтой эрдэмтэй, олондоо нэр хүндтэй нэгнийг сонгодог ардчилсан гэмээр уламжлалтай байжээ. Энэ ястан бас эрдэм номыг ихэд эрхэмлэнэ. Ардын сургууль тэртээ 1925 онд Өөлдийн хйшуунд байгуулагдсан нь оройлох боловсон хүчин олон төрөхийн суурийг тавьсан байх. Монгол Улсын төрийн соёрхолт эрдэмтэн Н.Эрдэнэцогт, Т.Ванчаа, доктор Т.Дүгэрсүрэн, Ч.Баянжаргал, Л.Содномцэрэн гээд номт мэргэд олон. Манай сумаас 20 гаруй доктор, дэд эрдэмтэн төрж   гарсан тооцоо бий. Хүний газар явахад минь ижигтийн, Хусны, Бургастайн, Хонгион, Шургийн гээд мөнх^асан эхт голууд сэтгэлд уяатай байдаг юм. Бодоод байх нь ээ, ус нь рашаанлагаас тэр юм шиг.

Хүйтний улиралд уур савссан харзаас ундаалсан мал бие нь тавираад явчихна. Аагим халуунд шүд хага ташим хүйтэн хэрнээ, дүн өвлөөр дотроос дулаацуулдаг нь Алтай нутгийн усны увидас биз ээ. Орон газрын нэр бас ихийг өгүүлнэ. Чацарганат, балчирганат, тошлойт, сонгинот, мангирт, шүүт, мараат, оюут, зост, бураат, балганат, сухайт, бургасан, улиасан гээд л юугаар элбэг вэ, түүгээр нь бэлчээр, усаа ялгах. Зөвхөн харгана гэхэд л улаан, шар, алтан, ямаан гээд дөрвөн төрлийн байх, манай нутагт.

Тэхт, согоот, бугат, ямаат, угалзат, гахагйт, тарвагат ч гэж бий. Харамсалтай нь буга согоо, аргаль угалз бараг үзэгдэхээ больж байна даа. Харин алтан гургуул, хойлог зэрэг уугуул шувууд ус бэлчээрээ чимсэн хэвээр. Асган үдшээр нуур, голын зүгээс бух урамдах мэт уянгалаг дуу сонсогдоно. Энэ авианы эзэн нь усанд амьдрах нэгэн төрлийн үхэр гэх, зарим нь нэгэн зүйлийн шувуу гэж мэтгэх. Чухам алин болохыг нь мадаглаж тогтоосон нь одоо хэр үгүй. Манжиг хэмээх царам зуслан бий. Язгуур цагт цаа буга бэлчиж байсан юм болов уу. Судалж нээгүүштэй нууцлаг юмс ихтэй л нутаг даа, манай Эрдэнэбүрэн сум.

Ж.Гөлгөө, Дели хот