Хүй цөглөж хөлд орсон Баян манхан нутаг
Дөрвөн ойрдын нутаг баруун Алтайн нурууны ар хөвчийн уулс дунд цас будангаар гангарсан Хөх-Өндөр, Гоо, Хонгор-Жинст, Жаргалант Хайрханы Хүрэн буурал уулс жилийн дөрвөн улиралд манан будан дунд нэг ил гарч, нэг далд орно. Ганцмод, Ботгон, Цэнхэр, Тахилтын сувдан цэнхэр голууд Алтан Тээлийн холбоо нууруудыг ундаална. Морьт, Цахир, Тахилт, Өөш зэргийн бор талууд зэргэлээн дунд сүүмэлзэнэ. Хөшгөн хээтэй хөх уулс, Өөш манхны буурал хоолойнуудаар аргаль, ангир, бөхөн, ирвэс, шилүүс, хар сүүлт сүрэглэн давхиж, салхилан зогсож, хурж хэвтэнэ. Ёл, Бүргэд, Тас цэлмэг хөх тэнгэрт элин халин, эргэлдэн дэвж, хойлог ятуу, хахуун шувуу уулсын орой дамжин хагд өвс сорчилно.
Хорин таван мянган жилийн тэртээ үүссэн Цэнхэрийн агуй, Тахилтын хотгорын “Мөнхзул” бунхан, буган ба чулуун хөшөө, Сэнжит хад, Их бага Цахирын сонин уулс, Тооройн цагаан элс нь байгалийн үзэсгэлэнт сайхнаараа зочин гийчнээ угтдаг. Зэгс хулс дэрсний зөөлөн шаргал толгой намрын хонгор салхинд найгана. Алтайн хөх салхи уул хүнгэнүүлж, ус цалгиулан, гэрийн дээвэр дэрвэлзүүлж, сэтгэл гэгэлзүүлнэ. “Зэргийн шар хулс”, “Тооройн цагаан элс”, “Миний сайхан ээж” дуунууд нь хад асгандаа цуурайтаж, удам садныхаа сэтгэлийг хөглөж, найр наадмаа хөгжөөнө.
Байгалийн үзэсгэлэн төгөлдөр энэ газар нь миний дуугаа хадааж, хүй цөглөсөн Ховд аймгийн Манхан сумын нутаг билээ.
Манханчуудын өвөг дээдэс 1778 оноос Захчин гүний хошуу, Бүгдийн даргийн хошуу хэмээн нэрлэгдэж, 1759 оноос Ховдын өмнүүр, зэрэг, шар хулсны газраар нутаглан суурьшжээ. Захчин гүний хошууг 1925 оноос Чандмань-Уулын аймаг, Хан Баатархайрхан хошуу, 1930 онд Я.Мандаагийн саналаар “Манхан “ нэрээр Манхан сум байгуулагдсанаар төрдөө данстай, түмэн олондоо нэртэйгээр галаа асааж, сүргээ хотлон, иклээ хөглөн аж төрмүү. Өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээг туулан угтахдаа XҮIII зууны хагасаас Зүүн гарын хаант улсын зүүн, зүүн өмнөд нутгийн Тэнгэр уулын ар, Эрээн хавирга, Их, Бага, Жултас, Өрөнгө, Булган, Чингэл гол, Цагаан тохой, Хавтага Байтагийн зах хязгаарыг сахисан цэргийн эдгээр иргэдийг “Захчин” гэж түүхэнд нэрлэснээр хүдэр чийрэг эрс, сэргэлэн цовоо бүсгүйчүүдээс захчин хүн, айл, отог, сум, хошуу, аймаг бүрэлдэн тогтсон аж.
Баянтүмбэ уулын баруун тал рашаант булгийн хөвөөнд 1774 онд Төгрөгийн хүрээ 250 лам, дөрвөн жас, 20 шахам мянган малтай байгуулагдаж “Майдар” бурхныг залснаар Буддын шашны үзэл номлол дэлгэрч 1930-аад оны эхээр уг хүрээ 390 лам, Зэргийн хүрээ нь 360 лам, зургаан жас 2000 гаруй бодын хөрөнгөтэйгөөр шашны зан үйлээр иргэдэд үйлчилж байжээ. Түүхэнд Захчины хошууг 12 ноён захирч байснаас хамгийн сүүлчийн ноён Боокийн Самбуу гурван төрийн хошуу ноёноор (Захчины, Жанжингүний, Хошуу ноён) тасралтгүй 25 жил буюу 1925 он хүртэл суухдаа Утай Гүмбум, Лхасаас түмэн олондоо зориулан 1000 лангийн даатгал мөргөл уншуулж, Ганжуур, Даанжуурын судар, бусад номыг хүрээдэд залжээ. Тэр тод, монгол, манж, түвд хэл сурч эмчийн судар судалж гэгээрүүлэх, эдгэрүүлэх эрдэмтэй, өрөвч зөөлөн сэтгэлтэй, айлган сүрдүүлэх, аашлан загнах, тарчлан зовоохыг ихэд цээрлэдэг, эд хөрөнгийн атгаг санаагүй, ядуу доодост энэрэнгүй байсны улмаас хошуундаа ихэд нэр хүндтэй хүн байв. Ховдын хязгаарыг Манжаас чөлөөлөх, цагааны дээрэмчдийг устгахад идэвхтэй оролцсоны улмаас Богд хаанаас “Гүн цэргийн жанжин” цолоор шагнуулж, МАН-ын үүрийн даргаар сонгогдож байсан нь шашин төр нийгмийн гарамгай зүтгэлтэн болохыг төрсөн нутгийнх нь түүх гэрчилнэ. Самбуу ноёны эрхэлж байсан сүм хийд одоо ч сэргэн мандаж байна. Тэрээр уугуул нутагтаа аж төрсөөр 74 насандаа таалал төгсчээ. XX зуунд нийгмийн хөгжлийн жам ёсоор Манхан нийгэм улс төр эдийн засаг, ахуй амьдрал, зан үйлд асар их өөрчлөлтүүд өрнөсөн ба нутгийн засаглалын хэлбэр нь баг, сум, сум нэгдэл, бригад, сум, баг гэсэн хэлбэрээр хөгжиж ирлээ.
Ардын засгийн жилүүдэд ардын намын үүр, бага сургууль, хүн эмнэлэг, нэгдэл хоршоо байгуулагдсанаар нутгийнхан эрдэм номтой эрүүл чийрэг, сэтгэлгээний хөврөх чадвартай аж төрж амьдрах ухааны хат суусан зан үйлийн эзэд болж төлөвшсөн байна.
Төгрөгийн голын хөндийд өвөл цагийн хөхөмдөг саарал манан татаж хулс дэрсний толгойд цан хүүрэг сагсайн найгах агаад айлуудын тооноор харгана, шаваг, аргалын өтгөн хөх утаа суунагласан модон морь жил буюу 1955 оны хоёрдугаар сарын 3-нд гурван орон тоотой 80 гаруй гишүүнтэй 20000-аад малтай дансандаа 1029 төгрөгтэй, нэг хөдөлмөр өдрийн хөлс нь 97 мөнгө, 110 грамм тариа, 200 грамм мах ногдож байсан “Баясгалант Амьдрал” нэгдлийг аймгийн хоршоодын холбооны орлогч дарга Зэрэгийн голын хүү 32 настай Борондонгийн Лувсан хүлээн авснаар Манхан сумын хөгжлийн шинэ гараа эхэлсэн түүхтэй. Тэрээр хамт олныг удирдаж, манлайлах түлхүүрийг зөв олсноор тус нэгдэл нь 20 жилийн дараа 200,0 гаруй малтай, улсын бэлтгэлийн төлөвлөгөөг бүх төрөл дээр нь дунджаар 136.8 хувиар биелүүлж 100 гаруй барилга объекттэй ХАА-н 70 шахам техниктэй холбоо цахилгаан бүрэн сүлжээтэй 10000 номтой номын сантай, 1600-гаа мод тарьсан, хадлан, газар тариалангийн баазтай, нэгдлийн мөнгөн орлого 4.7 сая, үндсэн хөрөнгө 6.9 дахин, хөдөлмөрийн хөлс гурав дахин, нэгдлийн хүн ам 1000 шахмаар нэмэгдсэн нэгдэл болгож чадсанаар сум нэгдэл нь “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Сум нэгдлийн хөгжлийг гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэн хөгжүүлэхэд бүх нийтийн хүчин зүтгэл байсан ч саальчин О.Бадамжав, малчин П.Жигмэд, Ө.Ламсан, Ц.Өсөхбаяр, барилгачин А.Андрей, Ж.Луузан, мужаан Хумдаа, сантехникч С.Дамдинжав, жолооч Б.Сэрвэд, нябо Б.Умдэлэг, тахиачин Х.Галсан, оёдолчин Б.Баяраа, бригадын дарга Г.Баасай, А.Жалцав, сум нэгдлийн дарга Б.Лувсан (хөдөлмөрийн баатар) Ү.Цэдэнбал гавьяат эдийн засагч С.Дамдинсүрэн нарын гавьяа нь түмэн олныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсний үр бүтээл билээ.
Төрсөн нутгийнхан минь малч удмаараа алдартай агаад таван хошуу малын дүрстэй эрээн майхан, мөнгөн бүстэй агар хувин, мөнгөн хуц, мөнгөн самбараар, улсын анхны сайн малчнаар Л.Борноосон, Л.Хөхноосон, Т.Дорж, Б.Болд, Ж.Магнай, Б.Намсрай нар бүрэн тавилгатай цоохор гэрээр, Л.Соосор, Л.Ядмаа, Л.Баатар, Б.Зоноров, Д.Батчулуун, Л.Ширнэн, Н.Бямбаа, Я.Данзан, Т. Мандах, Ү.Гүнсэл, Н.Балжир, Т.Тогмод, Б.Баянмөнх зэрэг иргэд “Улсын аварга малчин” цолоор шагнагджээ. Цасан хээтэй буурал уулс, Өөш, манхны цэнхэр хоолой, Хар ус, Зэрэгийн шаргал хөндий нь таван хошуу малаар дүүрч уул ус, унаган нутагтаа, улс орондоо “Баян манхан” хэмээн алдаршсан юм. Энэ нутгийнхан өөртөө өлзий дүүрэн хажуудаа хаяа сайтайгаас 1960-аад оны сүүлчээр Ховд суманд хонь, ямаа 20000, Үенчид тэмээ 1017, Мөнххайрханд бод, бог 4700, Дуутад үхэр 5912, бүгд 31629 малыг үнэ хөлс хариу төлбөргүйгээр тоосортол туулган өгч байснаас гадна бусад аймаг сумдад 10000-аад тахиа 20 гаруй үүр зөгий зэргийг бэлэглэж байв.
Манхан нутгийн үе үеийнхэн эх орныхоо тусгаар тогтнолын төлөө баатарлагаар тэмцэж ирсэн бөгөөд Манжаас Ховдыг чөлөөлөх, 1921 оны Ардын хувьсгал, 1945 оны чөлөөлөх дайн, 1940-өөд оны баруун хилийн тулгаралт, байлдаанууд болон улсын хил тогтоох ажилд олон арван цэрэг эрс оролцсоноос Гүн жанжин Б.Самбуу, партизан М.Лувсан, Д.Баатар, Т.Найдан, ХТАЗ М.Батхуяг, Ө.Бугалмаа, Д.Дэгдгээ, М.Чулуун, зоригт тагнуулчин Э.Гэрэлчулуун, улсын баатар Ц.Олзвой нар гарамгай гавьяа байгуулсан бөгөөд хүчний салбаруудад 100 шахам офицерууд үр бүтээлтэй ажиллаж байна. Цэрэг эх оронч хөвгүүдээ төлөөлөн “Алтан гадас” одонт Манхан сумын ИТХ, ЗДТГ-ын өмнөх цэцэрлэгт хүрээлэнд улсын баатар Ц.Олзвойн хүрэл хөшөө цэлмэг хөх тэнгэрийг багандан алтан нарны шижир туяанд үүрд гялалзан байдаг юм.
Уугуул нутгийнхан ахуй амьдрал, зан үйл, сэтгэл юугаа магтан дуулсан ардын дуу, ерөөл магтаал, туульс, биелгээ, иклийн татлагаараа алдартайн учир үндэснийхээ соёл урлагийг хойч үедээ өвлүүлэхэд Н.Халзай, Т.Энхбалсан, О.Мухаршар Армийн дуучин СТА Д.Батсүх нар их үүрэг гүйцэтгэж, Ц.Лхагваа ардын аман зохиолын 1000 гаруй цуглуулгаар ном бүтээжээ.
Нутгийн ардын дуунд
“Сүүж гурвын оройд
Наран тусаад байна
Сүрлэг гялаан хойно
Нүдэнд тусаад байна” гэх агаад
“Тооройн цагаан тооройн цагаан элс нь
Товойж цайгаад товойж цайгаад байна
Тормогор жаахан тормогор жаахан тэр нь
Нарийч гээд нарийч гээд байна”
А.Дандий-Ядамын шүлэг “Миний сайхан ээж “ дуунд
“Сүүний үнэр шингэсэн
Сэвлэг даахьтай байхад нь
Дууны сайхан эгшгээрээ
Эвлэг зөөлөн бүүвэйлсэн
Миний ээж сайхан ээжий
Мяндас зөөлөн уян ээжий
Буруу хийвэл хатуу ээжий
Буурал болсон ч чадуу ээжий”
гэх зэрэг ардын болон зохиолын олон арван дууны дүрслэл нь нүдэнд үзэгдэж сэтгэлд хоногшдогоороо манхан түмний билэг танхай мөнхийн авьяас оршино. Соёл урлаг, уран бүтээлийг хөгжүүлэхэд зохиолч А.Дандий-Ядам, Д.Жүгдэрбарам, Г.Бямбаа, Б.Болд, Э.Төрбат, сэтгүүлч Ө.Тогоо, улсын гавьяат зүтгэлтэн Д.Гомбосүрэн, улсын гавьяат зүтгэлтэн М.Амгалан, ардын жүжигчин Д.Мэндбаяр урлаг судлалын ухааны доктор Ж.Энэбиш нарын соёл урлагийн авьяас төгөлдөр охид хөвгүүдээрээ нутгийнхан нь бахархаж байдаг аа.
Төрсөн нутаг, төр түмэндээ, нийгэм олондоо сурсан эрдэм мэдлэг, ур чадвар ажил амьдралын туршлага, үнэнч шударга, зан чанараа төгс зориулсан төр нийгмийн зүтгэлтнүүдийн алдрын зам манхан нутгаас хөвөрсөөр… З.Дамдин Улаанбаатар хотын намын хорооны нарийн бичгийн дарга, Н.Жийдээ Намын төв хорооны их барилгын хэлтсийн эрхлэгч, Д.Дэмбэрэл УИХ-ын гишүүн НХХ-ын сайд, гавьяат эдийн засагч, А.Баттөр Гадаад хэргийн яамны дэд сайд, Б.Дангаасүрэн Авлигатай тэмцэх газрын дарга, Ц.Галсан, БХЯ-ны Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Б.Амийлаа ахмад дипломатч, домогт бөх Бөх-Амгалан, аймагтаа 11 удаа түрүүлсэн алдарт бөх, Б.Ичинхорлоо, Г.Мөнхбаяр нийслэлийн ахлах менежер Ж.Цолоо, Э.Пүрэвжав, хэл шинжлэлийн ухааны доктор Ноосонхөх гавьяат агрономич Гарьдхүү хөрс судлалын ухааны доктор, Б.Далхсүрэн, Б.Эрдэв цөмийн физикийн ухааны доктор, философийн ухааны доктор Д.Чулуунжав нарын оюунлаг эрдэмтдээрээ нутгийн ахан дүүс нь бахархан хөөрөлдөж номын дор мөргөмүү.
Зуун зууны түүхэнд буурал уулсаараа алдаршсан Манхан нутаг минь өндөр өтгөн өвс ой модгүй ч гэсэн нүцгэн хөх уулс, гүехэн урсгалт голууд нь үржил шимээр нэн баян. Өндөр уулсын бүс говь хээрийн талд дасан зохицсон ашиг шим арвинтай таван хошуу мал сүргээрээ баян. Хурц дайчин шог үг хэллэг, магтаал, ерөөл, дуу хуур, бий биелгээ, оюунлаг сэтгэлгээгээрээ баян. Хүнлэг цайлган сэтгэл, хөдөлмөрч чанар, шударга зан таван тансаг идээ ундаагаараа ч Манхан нутаг баян билээ. XҮII зууны дунд үеэс Бурхант, Ганц модны гол, түүний хоёр талын уулсаар хэдэн үе удмаараа мал, ан гөрөөгөөр амьдарч явсан миний өндөр өвөө Шишиг түүний гэргий Миниг, хөгшин аав Шагдар, эмээ Цагаан, аав Дөрвөд ээж Цэлээ нар энэ л нутгийн уугуул иргэд байлаа.
Хөх тэнгэр, хөрст дэлхий, хөх ус, хөрзөн бууц, уул овоондоо Манхан нутгийнхан цацал юугаа өргөсөөр өдгөө 400000 га талбайд 1000 гаруй өрхийн 6000-аад хүн ам 200000 гаруй мал сүрэгтэй үе удам дамжиж нутаглаж байна.
Малын хишиг буян нь залаа хээтэй буурал хайрхандаа, зон олны минь хийморь нь хөх тэнгэртээ, өвөг дээдсийн минь шүтээн гал бурханд аа мөнхөрмүү.
Ховд аймгийн Манхан сумын есдүгээр багийн уугуул Шишиг овогтой хуульч, ахмад хилчин Д.Оролмаа

