Жалханз хутагт Дамдинбазарын тамга
Зохиогч. Т.Өлзийдолгор
Номын нэр: Монгол улсын төрийн тамга
Дамдинбазар нь Жалханз хутагтын VII дахь дүрээр тодорчээ. Дамдзинбазар нь төрөлхийн цовоо сэргэлэн, ой сайтай хүүхэд байсан учраас 5-6 насандаа ном цээжлэх, сүм хийдийнхээ ёс дэглэмийг сахих, гадаад хэл сурахдаа гаргуун сайн байсан гэдэг.
Тэр, монгол, манж, түвд хэл бичгийг бага наснаасаа сурсан бөгөөд 10 орчим наснаасаа зурхайн болон гүн ухаанд суралцсан байна. Дамдинбазарт ном заасан их ачтан багш нар нь: номч мэргэн Жигжид, Агваанжамц, Минжүүрдорж зэрэг хүмүүс байв. Тэрээр 15 наснаасаа Их хүрээ, Эрдэнэзуу зэрэг том газруудаар явж эрдэм номтой хүмүүстэй танилцаж байжээ.
Мөн Орос, Хятад улсуудаар хэд хэдэн удаа явж улс төрийн байдал, Монголын талаархи бодлогыг ажиглан мэдэж байсан бололтой. Энэ үеэс харийн орны эрхшээлээс улс орноо чөлөөлөх, тусгаар тогтнолоо сэргээн бие даасан улс болгох гэсэн үзэл санаа түүнд бүрэлдэн бий болжээ. Жалханз хутагт Дамдинбазар бол Манжийн хэвт ёсны төр, Богд хаант төр (1911 он), Ардын төр (1921 он)-ийн энэ гурван төрийн үед бурхан шашны болон шавь аж ахуй эрхэлж тамга барьж явсан хутагт билээ. Тэрээр 1911, 1921 оны хувьсгалуудад идэвхийлэн оролцож төрийн хэрэгт зүтгэж явсан нэгэн юм.
Богд хаант Монгол улсын засгийн газраас 1912 оны эхээр Жалханз хутагт Дамдинбазарыг баруун хязгаарыг илбэн тохинуулахаар томилжээ. Дамдинбазар нь баруун хязгаарын ард түмэнд үндэсний тусгаар тогтнолын үйл хэргийг тайлбарлан ойлгуулж, Манжийн эсрэг тэмцэлд тэднийг босгох, олон хошууд Тагна урианхайн хязгаар, Алтай нутгийн эрх баригчидтай холбоо тогтоон Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд оруулах боломжийг дэлгэрүүлэх ажлуудыг гардан зохион байгуулж байв.
Тэрээр Засагт хан болон бусад газраас цэрэг элсүүлэн Ховд хотыг чөлөөлөх тэмцлийг удирдан 1912 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Ховд хотод Монголын тусгаар тогтнолын бэлгэ-тэмдэг болсон Алтан соёмботой тугийг мандуулж байсан хүн болно. Монголын засгийн газраас Жалханз хутагт Дамдинбазарт самади багш номун хан цол, С.Магсаржавт хатанбаатар цол, Дамдинсүрэнд манлайбаатар цолыг тус тус олгожээ.
Жалханз хутагт Дамдинбазар нь Монголын тусгаар тогтнолыг бататгах, засгийн газрыг бэхжүүлэх үйл хэрэгт үнэнчээр хүчин зүтгэсэн зүтгэлтнүүдийн нэг болох учир түүний намтар цадигийг үеийн үед торуулан авч үзэх хэрэгтэй юм. Тэр төрийн хэргийг шашин, төрийн хамтарсан бодлогоор хэрэгжүүлэгч онцгой зүтгэлтний нэг байв.
Жалханз хутагт Дамдинбазарын барьж байсан тамга гэж дараахь тамгыг үзэж байна.

