Төрийн тамга, тэмдэг 

Богд хаант Монгол Улсын аймаг, хошуудын тамга

Зохиогч. Т.Өлзийдолгор
Номын нэр: Монгол улсын төрийн тамга

Монгол оронд "аймаг" хэмээх засаг захиргааны нэгж үүссэн нь Манж гүрний улс төрийн бодлоготой салшгүй холбоотой билээ. Өөрөөр хэлбэл Монгол улс Манжийн эрхшээлд автагдсан тэр цаг үеэс аймгуудыг байгуулж захиргааны нэгж болгожээ. Энэ нь Монголын нэгдсэн төр унаж улс төрийн бутралын явцад улс орноо дахин нэгтгэх зорилт тавин тэмцэж явсан хаад ноёдын үйл ажиллагаатай дам холбоотой түүхэн үйл явц юм. Монгол улсын хаан ширээ залгамжлагчид нь эцэг өвгөдийнхөө адил бүх Монголыг нэгтгэн захирахыг эрмэлзэж байсан боловч ихэнх ноёд хааны мэдлээс гарч биеэ даан оршихыг санаархаж байсан нь захиргааны тусгай нэгжүүдийг бий болоход нөлөөлсөн байна гэж болох түүхэн баримтууд байдаг. 

Монголын улс төрийн бутралыг даван туулж нэгтгэхэд шашны сургаал үзэл суртлыг ашиглах хэрэщээ ч урган гарч байжээ. Шашныг Монголд дэлгэрүүлэх нь засгийн үйл хэрэгт нөлөөлж байсан. Үүнийг Түмдийн Алтан хан Ананд (1567-1582) Цахарын түмэн засагт хан (1558-1593), Халхын Абтай (1554-1588), Ойрдын Хар Хул зэрэг олон хүний намтар-цадигаас харж болно. Далай лам Содномжамцаас1577 онд Халхын зүүн гарын ноён Абтайтай уулзахдаа түүнд Очирой бат Түшээт хан цол өгчээ. Үүнээс хойш Халхын түшээт хан гэж нэрлэгддэг болсон. Энэ үеэс ноёдууд өөрсдийгөө хан гэж өргөмжилөн биеэ даах бодлогоо лавшруулах болжээ.

Тухайлбал: Халхын зүүн гарын ноён Шолойг (1577-1662) хан гэж өргөмжилснөөр Сэцэн хан гэж алдаршсан. Мөн баруун гарын ноён Лайхур өөрийгөө хан гэж нэрлэснээр Засагт хан гэж нэрлэгддэг болжээ. Ингэж Монголд хангууд нь биеэ даасан эрх мэдлээр өөрийн харъяатныхаа дунд үйл ажиллагаа явуулж, нэр сүр нь өсөж байв. Монголчууд бие биеэ даасан хэдэн хэсэг болж байсны улмаас харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэн тэмцэх төвлөрсөн удирдлага, улс төрийн нэгдмэл үзэл бодлоор гачигдаж Манжид хялбархан эзлэгдэх тохироо бүрдсэн байв. Монгол улс Манжийн эрхшээлд автсан үеэс хан гэсэн итгэмжлэл нь засаг төрийн гол нэгж болж "аймаг" гэж нэрлэгдсэн байна.

1691 онд болсон Долон нуурын чуулганаас Ар Монголыг Манжийн харъяат болгоод Халхын гурван ханаар толгойлуулсан гурван аймгийг байгуулж Түшээт хан, Сэцэн хан, Засагт хан гэж нэрлэх болжээ. 1725 онд Манж нар баруун Монголтой байлдахад Манжийн төрийн бодлогод үнэнчээ үзүүлэн "Гавъяатан гэгдсэн" Чин ван Дашдондовт тухайн үед зонхилох шинжтэй байсан Түшээт хан аймгаас 19 хошуу таслан өгч түүнийг сайн ноён гэж өргөмжилөн Сайн ноён хан аймгийг байгуулжээ. 1728 онд Түшээт хан аймгийн Хан уулын чуулган, Сэцэн хан аймгийн Хэрлэн Барс хотын чуулган, Сайн ноён хан аймгийн Цэцэрлэгт чуулган, Засагт хан аймгийн Бидэръяа нуурын чуулган (1730 он) гэж гурван жил тутамд аймаг бүр нэрлэсэн газрууддаа засаг хошуудаа цуглуулан чуулган нээж суман эрийн тоо тогтоох, алба татвар, зарга тэмцлийн зэрэг олон асуудал хэлэлцдэг байжээ.

Ингэж халх дөрвөн аймаг байгуулагдсан түүхтэй. Дөрвөдийн зүүн гарын Бат-Ерөөлт төгс хүлэг далай ханы аймаг, Дөрвөдийн үнэн зоригт ханы аймгууд нэмэгдэн Монгол улс нь бүгд зургаан аймагтай болжээ. Монголчууд Манж-хятадын эрхшээлээс гарч олноо өргөгдсөн хаант улсаа байгуулсан 1911 оноос төр-захиргааны байгуулалтыг шинэчилсэн юм. Харин аймгуудын нэрийг хуучнаар нь байлгасан боловч шашин, төрийг хослон барьсан хаант төрийн гүйцэтгэн захирамжлах орон нутгийн дээд байгууллага нь аймаг болов. Богд хаан, халхын Очирой бат Түшээт хан, халхын далай Сэцэн хан, халхын эрдэнэ бишрэлт Засагт хан, халхын түмэн хан номун эзэн сайн ноён хан, дөрвөдийн зүүн гарын бат ерөөлт төгс хүлэг далай хан, баруун гарын үнэн зоригт хан гэсэн зургаан ханд захирагч засгийн тамгаас гадна уг ханы өргөмжлөл цол, үсгийн тамга, гарын тамга нэгийг цутгаж тараан өгөгтүн гэж зарлиг гаргажээ.

Богд хаант Монгол улсын хууль зүйлийн бичигт: Чуулган дарга байгуулж чуулганы бүх хэргийг шийтгүүлэгтүн. Дарга тавихад харъяат чуулганы засаг, хан, ван, бэйл, бээс, гүн, засаг бус ван гүнгүүдийн зэрэг тамгыг хүлээн авсан ба хэрэг шийтгэсэн жилийг бодож захируул гэж заасан нь дадлага туршлагатай хүнийг чуулган дарга болгож тавих дүрмийн шинжтэй юм. Мөн энэ үеэс аймгуудын чуулганы нэрийг өөрчилсөн. Тухайлбал: Хан уулын чуулганыг Түшээт хан аймгийн Богд хан хайрхан уулын чуулган, Бидэръяа нуурын чуулганыг Засагт хан аймгийн Хан тайшир уулын чуулган, Хэрлэн барс хотын чуулганыг Сэцэн хан аймгийн Хан хэнтий уулын чуулган гэж нэрлэжээ.

Харин сайн ноён аймгийн Цэцэрлэгийн чуулганыг хэвээр үлдээсэн байдаг.

Эдгээрээс үзвэл: Аймгуудын чуулганыг газар-усны нэрээр нэрлэдэг болсон байна. Монгол улсын хуулийн дагуу чуулган дарга нарт тамга олгох болжээ.

Үүнд: Халхын түшээт хан аймгийн чуулган даргад богд хан уулын чуулганы даргын тамга нэг, Сэцэн хан аймгийн чуулганы даргад Хан хэнтий уулын чуулганы даргын тамга нэг, Засагт хан аймгийн чуулганы даргад Хан тайшир уулын чуулганы даргын тамга нэг, Сайн ноён хан аймгийн чуулганы даргад Цэцэрлэг чуулганы даргын тамга нэгийг тус тус цутган өгөгтүн гэж заажээ. Мөн зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичгийн зургаадугаар дэвтэрт: Аймгийн жанжны газар байгуулахаар заасны дагуу цэргийн хэргийг захирах жанжны газрууд байгуулжээ. Жанжны газруудад тус тусын туг, тамга олгох болжээ.

Үүнд:

Нэг. Жанжны туг, түүний онцлогууд.

• Түшээт хан аймагт Шулуун цагаан туг нэг.

• Сэцэн хан аймгийн жанжинд Шулуун шар өнгөт туг нэг.

• Засагт хан аймгийн жанжинд шулуун улаан өнгөт туг нэг.

• Сайн ноён аймгийн жанжинд Шулуун хөх туг нэг.

• Дөрвөдийн далай ханы жанжинд хөвөөт цагаан өнгөт туг нэг.

• Дөрвөдийн үнэн зоригт ханы жанжинд хөвөөт шар өнгөт туг нэгийг тус тус олгохоор заажээ.

Хоёр. Аймгийн жанжныг чуулган дарга тавих ёс журмаар тавиж тус тусын тамгыг олгож байв. Аймгийн жанжнууд нь харъяат аймгийн цэргийн бүхий л асуудлыг захиран мэдэгч байжээ. Аймгууд болон Богдын их шавь, чуулган, жанжны газрууд нь тусгаар тогтносон Монгол улсынхаа төрийн бодлого, шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлж хошуу, сум, отог зэргийг удирдах, орон нутгийн ажил, цэргийн асуудлуудыг төрийн яамд болон Богд хаанд мэдээлж аливаа асуудлаар шийдвэр гаргуулдаг захиргааны байгууллагууд юм.

Богд хаант Мон гол улсын засаг захиргааны анхан шатны нэгж аймгуудын дараахь үндсэн нэгж нь хошууд байв. Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичигт мөн хошуу захирагч нарт албан тамга олгохыг заажээ. Тухайлбал; Халхын хуучин засаг Түшээт хан аймгийн 21 хошуу, Сэцэн хан аймгийн 23 хошуу, Засагт ханы 19 хошуу, Сайн ноён ханы 24 хошуу, тулгар дагаар ирсэн дөрвөд аймгийг хоёр гар хувааж зүүн гарын бат ерөөлт төгс хүлэг далай хан аймгийн 12 хошуу, баруун гар үнэн зоригт хан аймгийн 15 хошуунд тус тус хошуу захирагч тамгыг олгож байв.[7.128] Засаг захиргааны дээрхи байгууллагуудын тамгыг цутгаж бэлтгэх тодорхой журамтай байжээ.

Монгол улсын үндэсний архивт хадгалагдаж буй нэгэн баримтанд: Хуучин тамгыг халж шинэ тамга олгуулах тухай. Олноо өргөгдсөн тэргүүн оны өвлийн дунд сард Дотоод яамнаас журам гаргаж яам, аймаг, чуулганы газар, хошуудад мэдэгдсэн байна.

Дараахь баримтаас үзвэл: Таван яам, дөрвөн аймаг, хамба номун хан, Шанзудоб нарт тушаан илгээв.

Учир нь эдүгээ манай дотоод яаманд буулгасан дээд зарлигийг хичээнгүйлэн дагаж халхын дөрвөн аймгийн хан, ван, гүн, засаг, чуулганы дарга, туслагч жанжин нар хамба номун хан, Дүйнхор хутагт, Эрдэнэшанзудоб нарт хуучин тамгыг цөм халж шинээр шагнан олгох тамгуудыг манай яамны ёслолын хэргийг хавсран гүйцэтгэх хэлтсээс эрхлэн шийтгэж цутган үйлдүүлэхийн тулд одоо олон тамгыг цутган үйлдүүлэхэд хэрэглэх мөнгө, лав, урчуудын хүнс, олгох хөлс зэргийн тухай жагсаан заасан нь :

1. Дарга жанжин ба 4 хан, хамба шанзудоб, дүйнхор хутагтын тамгыг цутган үйлдүүлэхэд тамга тутам сайн цагаан мөнгө 60 лан.

2. Олон хошууд Шанзудобын тамга тутам сайн цагаан мөнгө 50 лан.

3. Мөнхүү бүх тамга тутам хэрэглэх шавар сав, нэгийн үнэ 3 цаас, лав нэг жингийн үнэ 3 цаас, нүүрс 2 шуудайн үнэ 4 цаас, хар мод нэг тэрэгний үнэ 20 цаас, төмөр утас, шавар холих муутуу цаас, хзв ороох даавууны үнэ 1 цаас, орос лаа нэг толгойн үнэ 40 мөнгө, таван урчуудын хүнс хонины мах нэг бүхлийг, зузаан цайны хагас, мөс нэг тэрэг олгох ба ажлын хөлсөнд тамга тутам 30 лан олгоно.

Дөрвөн аймгийн чуулган дарга туслагч жанжин хүрээний хамба номун хан эрдзнэ шанзудоб нарт нэг адил довтолгон уламжлан харъяат олон газраа зарлан тушааж өөр өөрийн хошуу шавийн газраас тус тусын тамга цутган үйлдэх мөнгө зэрэг зүйлийг тооны ёсоор гаргуулж жинхэнэ тушаалын түшмэл засаг нарт авахуулан хурдан түргэнээр манай яамнаа ирүүлэгтүн! Олон тамгыг дэс дараалан цутган олгуулахад бэлтгүүлсүгэй. Энэ болбоос тулгар төрийг нэхэж тогтоон тэргүүнд тамга олгуулах нь маш чухал, зүй нь Богд хаант Монгол улсын тусгаар тогтнолыг баталгаажуулах тамга Монголчууд Манж-хятадын ноёрхлыг эсэргүүцэн босож туурга тусгаар улс болсноо тунхагласан тэр өдрөөс эхлэн төрт улсаа сэргээн мандуулснаа олон улсын хэмжээнд баталгаажуулахыг зорьсон юм.

Шашин төрийг хослон барьсан Богд хаант Монгол улсын төрийн бодлогын нэн чухал чиглэл нь бүх монголчуудынхаа эрх ашгийг нэгтгэхэд оршиж байв. Иймээс гадаад харилцааны аливаа асуудалд Монгол улс, нийт монгол гэсэн нэрийн өмнөөс харилцаж байв. Монгол улсын тусгаар тогтнолын хувь заяа нь хөрш хоёр орны улс төрийн бодлогоос ихээхэн хамааралтай байв. Монголчууд 1895, 1900, 1911 онуудад Хаант Оросод элч зарж манжаас тусгаарлахад тус дэм олохыг хүсэж байсан.

Монголчууд Орос улстай найрсан тусламж дэмжлэг авах болон улсынхаа тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд баталгаажуулахад зуучлал үзүүлэхийг хүсэж байв. Гэвч хаант Орос улс нь Хятад орны улс төрийн бодлогыг ажиглаж дундаж байр сууринд байсан байна. Монголчуудад тусламж үзүүлэх, ялангуяа тусгаар улс болох асуудлыг нь далдуур саатуулах бодлоготой баисныг батлах баримт ч бий. Тухайлбал: Нийслэл хүрээнд байсан Ф. Москвитин 1912 оны 3 дугаар сарын 18-нд В.Котвичид явуулсан захидалдаа "Илэн далангүй яривал: Бидэнд Хятадын засгийн газартай зохицохоос Монголын засгийн газартай зохицоход илүү төвөгтэй болно.

Монголчуудыг хятадтай холбож, монголчууд бидэн үрүү авраач хэмээн ямагт гар сарвайж байвал хэрэгтэйсэн гэдэгт би баттайяа итгэдэг. Ингэхгүй бол монголчууд бидний дайсан 6олно." гэж улс төрийн байр сууриа тодорхойлж байжээ. Тусгаар тогтнолоо олсон Монгол улсын эн тэргүүнээ авч хэрэгжүүлэх улс төрийн бодлогын нэг чухал асуудал нь Гадаад улсуудтай харилцаж тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэхэд оршиж байв.

Юуны өмнө Орос, Монголын улс төр эдийн засгийн харилцааг өргөжүүлэх явдал байлаа. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үйл явцын үр дүнг тодруулахад тамга зүйн судалгаа нэн чухал үүрэг гүйцэтгэх хөдлөшгүй баримт мөн. Монгол улсын шинэ тулгар төрөөс хөрш хоёр орон, ялангуяа Орос улстай тусгаар улсын хувьд харилцаж элчин сайдуудаа улс, улсдаа суулгахыг зорьж байжээ. 1912 оны Орос-Монголын гэрээнд Монгол улсыг "гадаад Монгол" гэсэн нэрээр томъёолсон нь манай төрийн бодлоготой үл нийцэж байв. Иймээс "Монгол улсын зарлигаар зарсан элчин сайдын тамга" гэсэн тамгыг анх 1912 онд Дотоод яамны ёслолын хэлтсээр хийлгэжээ.

Гадаад яамны тэргүүн сайд Ханддоржид энэхүү тамгыг бариулан 1912 оны өвлийн дунд сард буюу дээрхи гэрээг байгуулснаас хойш яг хоёр сарын дараагаар Орос улсад явуулжээ. М.Ханддорж тэргүүлэн шүүх яамны тэргүүн дэд сайд Ширнэндамдин, Гадаад яамны түшмэл хичээнгүй гүн Цэрэндорж нарын төлөөлөгчид 1912 оны өвлийн дунд сарын шинийн 4-нд Орос улсын нийслэл Петрбургт очиход Монголд байсан консул нар болон албаны бусад хүмүүс угтан авчээ. Манай төлөөлөгчид Оросын Гадаад яамны тэргүүн сайд Д.И.Сазоновт Богд хаанаас өргөсөн бичгийг гардуулсан байдаг.

Уг бичигт: Хоёр улсын найрамдан явахыг ерөөж тусгайлан Ханддорж, Ширнэндамдин нарыг томилж өв тэгш сэтгэлийг талархав хэмээжээ. Оросын II Николай хаантай нүүр тулан учирч хаан, хатад тус бүрд нь монголын төрийн бэлгийг гардуулаад "Манай монгол тусгаар улс болсон тул одоо өөр өөрийн нийслэлд харилцан элчин сайд суулгаж, найрамдлыг зузаатгахыг хүсэхээс гадна их улсаас (хаант Орос Д.Ө) манай нийслэл хүрээнд хоёрдугаар зэргийн элчин сайд суулгахыг хүсмой" гэсэн асуудлыг нэгдүгээр зүйл болгон айлтгаад бусад хүсэлтээ . танилцуулсан байна. Гэвч "... Орос улсаас Монгол улсад элчин сайд суулгах ба Монгол улсаас Петрбургийн газраа элчин сайд суулгахыг энэ удаа тогтоож үл болно.

Учир яагаад хэмээвээс: Монгол нь олон улсын дунд ямар зэрэг тогтохыг лавтайяа мэдсэний хойно болно." гэсэн хариуг монголын төлөөлөгч нарт өгчээ. Монгол улсын хөрш хоёр их гүрний улс төрийн бодлого нь тус орны тусгаар тогтнолыг үл зөвшөөрч байдлыг хурцатгаж байв. Дээрхи төлөөлөгчдийг ирснээс хойш асар удалгүй Хиагт хотноо Орос, Монгол, Хятад гурван этгээдийн хэлэлцээр хийхээр болсон байна.

Уг хэлэлцээрт Монгол улсын талаас: Их шавийн Шанзудоб, түшээт ван Чагдаржав, да лам Дашжав, хичээнгүй сайд Б.Цэрэндорж, Өвөр Монголын засаг ван Удай, баргын манлай ван Дамдинсүрэн, Петрбургийн их сургуулийн профессор Цэвээн нарыг томилон оролцуулжээ. Оросын талаас А.Миллер, Хитров тэргүүтэй, Хятадаас Бигу Фан тэргүүтэй төлөөлөгчид тус тус оржээ. Монголын талын төлөөлөгчид нь энэ хэлэлцээрт оролцохоор явахдаа "Монгол улсын зарлигаар зарсан бүрэн эрх барих элчин сайдын тамга"-ыг авч явсан тухай мэдээ Монгол улсын үндэсний түүхийн төв архивт байна. Энэ тамгыг зарим нэг захидал бичигт дарж хэрэглэсэн байдаг.

1914 онд Хиагт хотод эхэлсэн Орос, Хятад, Монгол гурван этгээдийн хэлэлцээрийн явцад монголын төлөөлөгчдийн санал бодлыг янз бүрийн арга мэхээр хүлээж авахгүй байжээ. Монголын төлөөлөгчид нь монгол угсаатныг нэгтгэх, тусгаар тогтносон Монгол улс гэдгийг хөрш хоёр их гүрнээр зөвшөөрүүлэх хөтөлбөртэйгээр уг зөвлөлгөөнд оролцож өөрийн байр суурийг хамгаалж байсан түүхэн баримт олон бий. Манай төлөөлөгчдийн саналыг хүлээж авахгүй байсан учир Дашжав, Дамдинсүрэн нар машид дургүйцэж хурал хаяж байсан байдаг.

Иймээс А.Миллер Богд хаанд захиа бичиж да лам Дашжав нь улсын ёс мэдэхгүй, зөвлөгч манлай баатар ванг омгорхог тул энэ хоёрыг солих хэрэгтэй гэж байсан байна. Да лам Дашжавын оронд Шүүх яамны дэд сайд Ширнэндамдинг томилжээ. Ширнэндамдин нь олон улсын харилцааны асуудлыг сайн мэддэг дипломатач арга барилтай хүн байсан учир энэ хэлэлцээрийн үед чухал байр суурьтай байсан нь тодорхой. Уг хэлэлцээр нь бүтэн найман сар үргэлжилсний эцэст 1915 оны 5 дугаар сарын 25-нд "Гадаад Монгол Дундад улсын Сюзернийг зөвшөөрөн хүлээв. Дундад, Орос хоёр улс нь Дундад улсын газрын нэгэн хэсэг болох Гадаад монголын автономийг зөвшөөрөн хүлээв" гэдгийг зааж 20 гаруй зүйл бүхий гэрээг баталжээ.

Энэ гэрээнд гурван тал гарын үсгээ зурж өөр өөрсдийн тамга тэмдгээ дарах болоход Монгол улсын зарлигаар зарсан бүрэн эрхт элчин сайдын тамгыг даруулсангүй. Иймээс Гадаад Монголын бүрэн эрх барих элчин сайдын тамга гэсэн тамга хийлгэн уг гэрээнд Чагдаржав, Ширнэндамдин нар гарын үсэг зурж энэ тамгыг даржээ. Энэхүү гэрээний бүрэн эх баримт нь Монгол улсын Гадаад яамны архивт модон шогол-хайрцаганд хадгалагдаж байдаг юм. Гэрээний хуудас бүрийг дугаарлан цэнхэр туузаар даруулж хадгалжээ.

Уг гэрээнд дарсан тамганы хийц, хэлбэр, бичээсийг тэр үеийн монгол тамгануудтай харьцуулан үзэхэд нэлээд өөр байх юм. Тухайлбал: 1911 оноос хойшхи бүх тамганы дундах соёмбыг товойлгож сийлсэн байхад энэ тамганыхыг ухаж сийлсэн, тамганы үсгүүдийг бичмэлээр татаж бичсэн байна. 1915 оны гурван улсын гэрээгээр Монгол улсыг Хятадын нэгэн хэсэг буюу Хятадын гадаад хошуу гэсэн утгаар тодорхойлогдсон боловч автономит эрхтэй улс гэдгээ авч үлдсэн нь нэгэн дэвшил юм.

Нөгөө талаар гэрээнд дарсан тамганд "бүрэн эрх барих" хэмээх үгийг. үлдээж чадсан нь бас нэгэн амжилт юм. Монголчууд манжийн эзэн эрхшээлээс гарахыг зорьсоор 1911 онд тусгаарлан салж тусгаар тогтносон улс төрөе байгуулж эзэн хаанаа ширээнд нь залж биеэ даасан төр-засагтай, хаантай бол хаантай, нийслэлтэй бол нийслэлтэй улс болж уг монголчуудын төрийн уламжлалыг сэргээн тунхагласан билээ. Гэтэл айл хөрш их гурнүүдийн даралт шахалтын улмаас Монголын тусгаар тогтнолын асуудлыг гурван жил гаруй хэлэлцсэн боловч ямарч нааштай шийдвэр гарахгүй байв.

Улмаар 1915 онд Хиагт хотноо Орос, Хятад, Монголын төлөөлөгчдийн хэлэлцээрээр Монголын бие даасан байдлыг устган Дундад иргэн улсын эзэн эрхийг хүлээсэн автономит эрхтэй улс болгосон юм. Мөн нийт монголчуудын нэгдсэн их улсын шинжийг хязгаарлан "гадаад монгол" гэсэн нэр өгсөн нь хэрэг дээрээ ар, өвөр монголыг салгасны баталгаа юм. Монголын төлөөлөгчдөөс Хятадын төлөөлөгчидтэй дахин дахин ярилцсны эцэст туурга тусгаар улсынхаа билэгдэл болсон "Богд хаан" хэмээх цолыг хэвээр авч улджээ. Энэ нь улс төрийн эрх мэдлийн хувьд хязгаарлагдмал байв.

Олон гадаад улс лугаа засаг ба газар дэлхийд холбогдох олон улсын хоорондох гэрээ бичиг байгуулах эрхгүй. Хааны цолыг гагцхүү дундад иргэн улсын Их Жунтанаар өргөмжилүүлж Монголыг Хятадын газар нутгийн нэг хэсэг болгосон юм. Иймээс Монгол улсын торийн тамгыг Богд хаан барьж хэрэг шийтгэх эрхийг зогсоох зорилготой байсан бололтой. Хятадын Да жунтан Бээжин хотноо шинэ тамга цутгуулан алтан навчит өргөмжлөлийн хамт Богд хаанд явуулжээ.

Энэ тамганд:

Монголын тусгаар тогтнолын билэгдэл-соёмбо тэмдэг ба "Шашин, төрийг хослон барих" гэсэн үгс хасагдаж гагцхүү "Гадаад монголын сайныг туслан, соёлыг тэтгэгч Богд Жибзундамба хутагт хааны тамга" гэж монгол, хятадаар бичээстэй тамга байв.

Энэ тамганы хэмжээ нь 11x11 см хэмжээтэй, 5 кг жинтэй. Тамгыг цэвэр алтаар хийгээгүй бололтой юм. Монет байх болов уу гэж үздэг. Богд хаан энэхүү тамга, алтан навчит өргөмжлөлийг хүлээн авахаас эрс татгалзаж байсан юм. Монгол улсын үндэсний архивт байгаа нэгэн баримтаар нотолж болох юм. Дундат иргэн улсын да жунтангаас ирүүлж буй алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг гардуулахаар 11 дүгээр сарын 1-нд Дундат иргэн улсаас төлөөний хүн мордож буйг ДИУ-ын элчингээс цахилгаан утсаар мэдээлжээ.

Үүний хариуд: дундат, орос, монголын гэрээ бичгийн дөрөвдүгээр зүйлд Гадаад монголын Богд Жибзундамба хутагт хааны цолыг ДИУ-ын да жунтангаас өргөмжилмуй хэмээсэн зүйл буй. Түүнээс ер алтан тамга, алтан навчит өргөмжлөл олгомой хэмээсэн үг угүй. Тэр байтугай дундат, орос, монголын бүрэн эрх барих сайдууд өвөр өврийн засгийн газраас эрх олгосноор гэрээ бичигт үсэг зурж тогтсон нь ДИУ-ын да жунтангаас манай Гадаад Монголын Богд Жибзундамба хутагт хааны цолыг нэгэнтээ өргөмжилсөн болохын дээр 4 дүгээр сарын 12-нд ДИУ-ын засгийн газраас энэ өдрөө Жибзундамба хутагтыг Гадаад Монголын Богд Жибзундамба хутагт хэмээн өргөмжилмой хэмээн цахилгаан мэдээ хүрч ирсэн ба бас мөн сарын 20-нд Богд Жибзундамба хутагт намайг Гадаад Монголын Богд Жибзундамба хутагт хаан хэмээн өргөмжилсөнд ихэд баясмой хэмээн хариу мэдээ явуулсан. Иймээс дахин өргөмжлөх явдал үгүй болсон тул манай засгийн газраас энэ зүйлийн алтан тамга, алтан навчит өргөмжлөлийг хүлээн авч үл чадах явдлыг эрхэм сайд танаа мэдэгдсүгэй хэмээн хариу явуулжээ.

Шашин төрийг хослон барьсан Богд Жибзундамба хутагтын өөрийн нь улс төрийн байр суурь тогтвортой байсны учир 1921 оны хувьсгалд зохих хувь нэмрээ оруулсан юм. Иймээс Монгол улсын хэмжээт эрхт хаанаар өргөмжлөгдөж байсан билээ.